Монголын жүдо бөхийн их гэр бүлийн эрхэм гишүүд ээ,
Эх орондоо төдийгүй дэлхийд алдар цуугаа мандуулсан Женко клуб маань өнөөдөр 25 жилийн ойгоо тэмдэглэж буйд хувиасаа болон МҮОХ-ны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
Өнгөрсөн он жилүүдэд “Женко”клубээр овоглосон олимп, дэлхийн анхны аваргууд Монгол улсаа алдаршуулж, олон амжилт ялалтын анхдагч болсон бахдам түүхтэй билээ.
Эргэн дурсахад тус клубын торгон дэвжээнд хамтдаа хөлсөө дуслуулж, хүчээ дайчлан хөдөлмөрлөсөн үе үеийн тамирчид “Женко” клубын гишүүн гэдгээрээ бахархан, тэдний залгамж халаа авъяаслаг хүүхэд залуус өдгөө хүч түрэн гарч ирж буйд баяртай байна.
Тус клубт олон жил нэгэн үзүүрт сэтгэлээр үнэнчээр зүтгэж, тамирчдаа өдий зэрэгт хүргэсэн гавъяат дасгалжуулагч Ж. Энхбаяр, Б.Чулуунбаатар, Ш.Цэвэлмаа нарын багш нарынхаа хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж буйгаа онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга, Женко клубыг үүсгэн байгуулагч Х. Баттулга таньд үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлж байна. Миний бие холын мөрөөдөлдөө хөтлөгдөж, Женко клубыг олон жил түшиж, ялалт амжилтын замналаар замнаж, олимпийн аварга хэмээх эрхэм алдарт хүрсэн нь энэ хамт олон, үе үеийнхний ач тус гэж боддог.
Женко клубын 25 жилийн ойн нэрэмжит жүдо бөхийн тэмцээнд оролцогчдод спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н. Түвшинбаяр