Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Баруун урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлд баригдах зүүн төмөр замын төслүүдийн бэлтгэлийг газар дээр нь шалгалаа.
Нийт 846 км, 1,1 тэрбум ам долларын төсөвт өртөгтэй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам барих ажлын бэлтгэл төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа юм. Уг төмөр зам баригдвал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, өгөөж өндөр байх болно гэдгийг шалгалтын үеэр Зам тээврийн хөгжлийн сайд онцолж байв.
Төслийн хэрэгжүүлэгчээр ЗХЖШ ажиллаж байгаа нь дотооддоо үр ашигтай юм. Тухайлбал 1 цэргийн албан хаагч сард 2 сая гаруй мянган төгрөгийн цалинтайгаар төсөлд үүрэг гүйцэтгэн ажиллана гэж ЗХЖШ ийн бүтээн байгуулалтын хөгжлийн газрын дарга Д.Жаргалсайхан танилцууллаа.
Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций дэхь Тавантолгой орд газар чиглэлд баригдаж төмөр замын барилгын явц хуваарийн дагуу тасралтгүй хийгдэж буйг Монгол улсын Ерөнхий сайд онцлон сайшаагаад мөн чиглэлд газрын тос дамжуулах хоолой баригдахыг тооцож мэргэжилтнүүд ажлын уялдаагаа сайжруулж, ажиллахыг сануулсан юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавигдах 414,6 км төмөр замын доод бүтээцийн ажил дуусч дээд бүтээцийн 221 км замын угсралтыг гүйцэтгэж байна. Уг төмөр замын трассын дагуу уул уурхайн орд газрын 37 ашиглалтын лиценз аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгогдсон байдаг аж.