"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхэллээ. Ингэхдээ , эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 мянган иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж буй аж. Өөрөөр хэлбэл 839,000 иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхлэх нь.
Ингэхдээ 1,072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Жишээ нь та 1,072 хувьцаагаа ашиглаагүй бүгд байгаа бол 1,072*81=86,832 төгрөг таны дансанд орно.
Хувьцааны тоо ширхэг зөрүүтэй болон эргэлзээтэй зүйл байвал Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1800-1220 утсаар лавлах юм.
Түүнчлэн "Эрдэнэс Таван Толгой" ХК-иас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК руу шилжүүлээд байгаа бөгөөд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа олгогдохгүй юм.