Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явцыг шалгаж, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга барихаар төлөвлөсөн юм. Дүүрэг хороо бүрт сургууль цэцэрлэг байгуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлд 19 цэцэрлэг, 10 сургуулийн барилга ашиглалтад оржээ.Цаашид 10 гаруй сургуулийн өргөтгөл, 20 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр болон өргөтгөж барьж байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байна. Тус сургуулийн барилгыг “Неман констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа боловч, гадна дэд бүтцийн зураг төслийг магадлалаар батлуулаагүйн улмаас дулаан, цахилгаан татах боломжгүй байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс учирлав.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хурдан хугацаанд ажлаа дуусгахыг холбогдох албаныханд санууллаа. Тэрбээр ирэх сарын 5-ны өдрөөс өмнө яаралтай гадна дэд бүтцийн зураг төслийг батлуулж,магадлалаар оруулаад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын алба болон гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.
Тус дүүрэгт 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн суудалтай олон улсын сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн барилга баригдаж буй юм. Он дамжин хэрэгжих барилгын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан санууллаа.
960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад орлоо. Тус хороонд улсын цэцэрлэг сургуульгүй учраас хорооны хүүхдүүд Амгалан цогцолбор, 14 дүгээр сургууль, 97 дугаар сургууль, 53 дугаар сургууль, 44 дүгээр сургууль, Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдаж суралцдаг байжээ. 147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харъяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар 1100 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Нийт 150 гаруй багш, ажилтан тус сургууль нь сагсан бөмбөг, хөл бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулжээ.
2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд гадна дэд бүтцийн ажил удаашралтай, түр шугамаас дулаан цахилгаанаа хэрэглэдэг учраас тоног төхөөрөмж ажилууллахад хүчин чадлаа дийлэхгүй байгааг сургуулийн захирал Н.Цэвэлмаа тайлбарлав.
Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг нийслэлийн Боловсролын газар, Захирагчийн ажлын алба, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран яаралтай шийдвэрлэх үүргийг албаныханд өглөө. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг нэн түрүүнд тавьж ажиллахыг сургуулийн захиргаанд сануулав.
Тэрбээр хэлэхдээ “Хятадын Засгийн газраас сургуулийн барилгыг бариад өгсөн байхад бид ажлын уялдаа холбоогүйн улмаас бүтэн сургуулийн асуудлыг цалгардуулж ирсэн байна. Тиймээс Барилгын хөгжлийн төв, Нийгмийн бодлогын хэлтэс,Боловсролын газар хамтран ажлын хэсэг гарч яаралтай энэ сургуулийн дулааны шугам, цахилгааны асуудлыг шийдвэрлэ. Ажлын уялдаа холбоогоо сайжруул. Шинээр ашиглалтад орсон бүх сургууль , цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нарийн шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажилла. Ажлын уялдаа холбоогүйн улмаас хугацаа алдсан ажлуудыг эрчимтэй дуусга” хэмээлээ.