Хувьцааны мөнгийг

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг хэзээ өгөх вэ. 2020.05.01-нээс өгч эхлэх болсон талаар тус компаниас мэдээлэл хийж байсан удаатай. Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх үахирал Б.Ганхуяг тайлбар хийлээ.

Тэрбээр “Иргэдийн ногдол ашгийн мөнгийг манай компани бүрэн шилжүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган иргэн бий. Үүнээс 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэсэн. Тэр дундаасаа 702 мянга нь банкны дансаа мэдүүлсэн гэж ҮЦТХТ мэдээлэл өгөөд байгаа. Үүнд 48,5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК гэрээнд заасан 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн. Иргэдэд тараах, дансанд нь шилжүүлэх ажлыг ҮЦТХТ /Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ ХХК хариуцдаг. Хэзээ яаж иргэдэд тараахыг тус компани мэднэ" гэсэн юм.

5-р сарын 1-нд бол 428 мянган хүн л банкны дансаа холбосон байсан бөгөөд тэдэнд ногдол ашиг өгөхөд 28 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо нэхэмжлэхийг ҮЦТХТ-өөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ирүүлжээ. Бүртгэл нь бэлэн болсон иргэддээ тараах замаар 5 сарын 1-нээс эхлээд үе шаттай тараагаад, тухай бүр санхүүжилтийг хийгээд явах байр суурийг "Эрдэнэс Тавантолгой" ХК баримталж байсан аж.

 

Нас барсан, гадаадын харьяат болсон иргэдээс эхлээд бүртгэл дээр "асуудал" байгаа учраас ийм байр суурь баримтлах болсон талаар тайлбарласан. Гэвч мөнгийг бүрэн шилжүүлж авахаас наана ногдол ашиг тараахгүй гэсэн учраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 179 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлж дуусгасан байна. Товчхондоо "Эрдэнэс Тавнтолгой" ХК ажлаа хийсэн, харин одоо ҮЦТХТ-ийн ажил үлдсэн гэдгийг тус байгууллагаас онцоллоо.