Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хороо /МҮОХ/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Олон улсын олимпийн хорооны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо.  

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд “Тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн энэ албанд томилогдсонд олзуурхаж байна. Монголчууд спортлог ард түмэн учраас монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг. Иймээс МҮОХ шинэ бүтэц зохион байгуулалтад орж, гадаад харилцаандаа анхаарах хэрэгтэй. Үүний тулд үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийх, гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орнуудаас багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстой. Ингэж байж монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпийн наадмаас хүртсэн медалийн тоог нэмэгдүүлэх боломжтой.  Түүнчлэн манай улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай байдаг. Ийм учраас өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой” гэдгийг онцлон хэлсэн юм.  

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Ковид-19” цар тахлын улмаас хойшлогдоод байгаа “Green games-2020” буюу залуучуудын “Ногоон наадам”, “Ulaanbaatar-2023” Зүүн Азийн залуучуудын хоёрдугаар наадмыг зохион байгуулахад МҮОХ хамтран ажиллаж, хүүхэд залуучуудыг спортод дуртай болгоход голлон анхаарал хандуулж, анжиллахыг хүссэн юм.


Үүний дараа МҮОХ-ны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад МҮОХ-ны үйл ажиллагааг сайжруулах, монгол тамирчдын дэлхийд тавцанд гаргаж буй амжилтыг ахиулахын тулд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, төр засгаас спортын салбарыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байна хэмээн онцолсон юм. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сард МҮОХ-нд зочлон үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

 

.