МҮОХ-г олимпийн аварга Н.Түвшинбаяр удирдана

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ээлжит бус хурал яг одоо үргэлжилж байна. Хурлаар МҮОХ-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайлан , төсөв төлөвлөгөө, МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсөв батлах, МҮОХ-ны хянан шалгах хорооны зөвлөлийн тайлан, МҮОХ-нд шинээр гишүүнээр элсэх спортын холбоод болон гишүүнчлэлээс нь түтгэлзүүлэх холбоодын талаар хэлэлцэж буй юм. Түүнчлэн МҮОХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль болохоор төлөвлөсөн. Тэгвэл МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль дөнгөж сая нийт гишүүдийн 74 хувийн ирцтэйгээр явагдлаа. Улмаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт хуралд оролцсон гишүүдийн 123 буюу 94.6 хувийн саналаар ялалт байгуулж ирэх дөрвөн жилд МҮОХ-г удирдахаар болж байна.