Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу:
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14
- Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.
Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орно. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг, нэг хичээл 35-40 минутаар хичээллэнэ. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангана. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов. #Засгийнгазрынхуралдаан