Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээхүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. Манай улс энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж "COVID-19" халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хоёр сар зогсоогоод байсан нүүрсний экспортыг эхлүүлсэн юм. Өнөөдөр тус боомтоор гурван компанийн 130 машин нүүрс экспортод гаргахаар төлөвлөөд байна.
Нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг хилийн боомтуудын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч ажилласан. Ингэхдээ нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч, зохицуулагч операторууд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ гэдэг шаардлагыг тавьсан. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлыг хангасан хилийн боомтуудад экспорт эхлүүлэх чиглэл барьж байгаа юм.
БНХАУ 2019 онд 301 сая тонн нүүрс импортоор авсан байдаг. Үүнээс 25 хувь нь кокосжсон нүүрс, 75 хувь нь эрчим хүчний бусад зориулалтаар авчээ. Харин Монгол Улс 241 сая тонн нүүрс экспортоор гаргасан. Үүний 42 хувь буюу 101 сая тонн нүүрс нь Шивээхүрэн боомтоор гарчээ. Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа эхэлсэнээр Замын-Үүд, Гашуун сухайт гэсэн 3 боомтоор нүүрс гарч байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.