Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд холбогдох шүүх хурал өнөөдөр болсон. Тэгвэл шүүхээс гарсан шийдвэрийн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал дөнгөж сая мэдээлэл өглөө.
Ж.Амаржаргал: Шүүхээс Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэсэн. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т тус тус заасантай нийцсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно. Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй" гэсэн юм.