Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 7.5 сая хүн халдвар авч, 422.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 128.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 235, нас баралт 270 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Өмнөд Vудан улс 11 сая гаруй хүн амтай бөгөөд 2 хүн тутмын нэг нь коронавирусийн халдвар авсан байна.
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.779 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 61-113 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүү хотод 240 хүнээр нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 3.505 болж, 20 хүн нас барлаа. Тувад 113 хүн шинээр өвчилж, нийт 2027 болж, 4 хүн нас барлаа. Тувад сүүлийн өдрүүдэд хөл хориог хатуу чанд мөрдөж эхэлсэн. Гэхдээ эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн учраас түргэн тусламжийн дуудлага авах боломжгүй болж зөвхөн утсаар дуудлага өгч байгаа. Иймээс хөнгөн өвчитнүүдийг зөвлөгөө өгөөд гэрт нь байлгах байдал үүссэн байна. Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.
Өчигдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 261 хүн ирсэн. Үүнээс цэргийн төв эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 12 хүнийг тусгаарласан. Бусад хүнийг тусгаарлах байруудад тусгаарласан.
Ажиглалтад 17 хүн шинээр орсон. 37 хүн ажиглалтаас гарсан Одоогоор 1518 хүн ажиглалтад байна.
Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 5.414 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 142 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар Швейд, Малайз улаас иргэд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ.
Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.
Тэрбээр "2020.06.11-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 241 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 238 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Үүнд
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан
- Увс аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан
- Танадалтын зорилгоор цуглуулсан 6 сорьц
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүний шинжилгээг хийсэн. ХӨСҮТ-д эл онгоцноос 3 хүнийг тусгарлаж авчирсан. Энэ хүний 3 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Үлдсэн 181 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 3 хүнд халдвар илэрлээ.
Өнөөдөр 6 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгээр нь оюутнууд. 4 нь батлан хамгаалахын оюутан. 2 нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутан. Эмэгтэй 4, эрэгтэй 2 оюутан. Нэг нь 33 настай.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 197 болж, үүнээс эдгэрсэн 95 байна. Эмчлэгдэж байгаа 102 хүн байна. Биеийн байдлын тухайд хөнгөн 91, хүндэвтэр 13 байна. Жирэмсэн эмэгтэй 3 байна. Мөн элэгний хорт хавдартай 1 , чихрийн шижин өвчтэй 1хүн байна" гэлээ.
Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АНУ-ын Техасын их сургуулийн судалгааны баг ковид 19 халдвар хэрхэн тархаж, дамждагийг судалсан байна. Тэд халдварт цар тахлын хэмжээнд тархсан Хятадын Ухань хот болон АНУ-ын Нью-Йорк хот, Итали улс дахь халдварын тархалтын чиг хандлагыг дээрх орон нутагт тархалтыг хязгаарлах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хамт судалжээ.
Үүнд шинжилгээ хийгдэж байсан байдал, хөл хорио тогтоосон байдал, хавьтлыг аль хэр илрүүлж байсан, зайнаас харилцах, амны хаалтны хэрэглээ зэрэг нийгмийн эрүүл мэндийн бүхий л арга хэмжээнүүдийг харьцуулж судалжээ.
Хятад улсын хувьд дээрх бүх арга хэмжээг бараг нэгэн зэрэг авч хэрэгжүүлсэн бол Итаэли, Нью-Йорк хотод арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн хугацаанууд нь өөр өөр байсан нь арга хэмжээ тус бүр ямар үр дүнтэй байсныг судлахад илүү дөхөм байсан байна.
Итали болон Нью-Йоркийн халдварын тархалтыг харьцуулж үзэхэд амны хаалтыг заавал зүүхийг шаардах болсны дараа халдварын тархалт илүү удааширч байжээ. Италид бүрэн хөл хорио тогтоож, Нью-Йорк хотод гэрээсээ гарахыг хориглосон хязгаарлалтыг хэрэгжүүлж байхад халдвар буурч байсан түвшин амны хаалт зүүх болсноос хойших нөхцөл байдалтай харьцуулж үзэхэд Итали улсад 04 сарын 6-наас 05 сарын 9-нитй хооронд амны хаалт зүүдэг болсны үр дүнд 78.000 гаруй халдварын тохиолдлоос сэргийлж чаджээ. Нью-Йорк хотод 04 сарын 17-наас 05 сарын 9-ний хооронд 66.000 гаруй халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлж чадсан байна.
Улмаар олон нийтийн газар байхдаа амны хаалт зүүх нь халдвар хүнээс хүнд дамжихаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд арга байна гэдгийг судлаачид онцолжээ. Амны хаадт зүүхийн хажуугаар зайнаас харилцах, хөл хорио тогтоох, хавьтлыг илрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хамтад нь авч хэрэгжүүлэх нь ковид 19 халдварын тархалтыг зогсоох хамгийн шилдэг арга зам байж болзошгүй хэмээн судлаачид үзжээ.
Мөн амны хаалт зүүх нь агаар дуслын замаар дамжих халдвараас сэргийлж байгаа бол гарын ариун цэврийг сахих, зайнаас харилцах, хөл хорио тогтоох тусгаарлах, хавьтлыг илрүүлэх зэрэг халдвартай хүнтэй ярих, ханиах, найтаах үед цацагдсан шүлсний бичил дуслууд гадаргуу дээр тогтож, түүнд хүн хүрэлцсэнээр улмаар өөрийн нүүр ам салстад хүрч халдварыг авахаас сэргийлж байгаа ялгаатай арга хэмжээнүүд гэдгийг онцолжээ.
АНУ-д өчигдөр 20.000 халдварын тохиолдол, 8334 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Нийт халдварын тохиолдол 1.9 сая гаруйд хүрсэнээс 112.900 гаруй хүн эндээд байна.
Бразилд өчигдөр 30.400 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Халдвар өссөн дүнгээр 802.000 гаруй болж, нас баралт 40.912 болж дэлхийн хэмжээнд Бразил улс, АНУ, Их Британи улсын дараагаар 3-т бичигдлээ.
БНСУ-д өчигдөр 56, Япон улсад 38, Хятад улсад 7 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Хятад улсын 7 тохиолдлын 1 нь дотоодынх, 6 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна" гэлээ.