“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрийг 2020 оны 2-р сарын 17-ны өдөр гаргасан. Ногдол ашиг олгох үйл ажиллагаатай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2020 оны 5-р сарын 18-ны өдрийн 01/1259 тоот албан бичгийг брокерын компаниудад хүргүүлжээ.
Албан бичигт дурьдсанаар "2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2,512,768 иргэнээс 856,030 нь үнэт цаасны данс нээлгээгүй, үнэт цаасны дансаа нээлгэсэн 1,656,738 иргэн байгаагаас 702,266 иргэн нь өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа холбуулсан байна" хэмээгээд ногдол ашгийг үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль, журамд нийцүүлэн олгох тул холбогдох ажиллагааг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэгджээ.