Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт олон нийтэд хандан компанийн үйл ажиллагаа болон хувьцааны ногдол ашгийн талаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 426 тэвшээр 30.3 мянган тонн нүүрс ачаад байна. Он гарсаар нийтдээ 2.6 сая тонн нүүрс олборлож, 1.11 сая тонн нүүрс экспортлоод байна. Коронавирустэй холбоотойгоор нүүрсний экспорт өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан гэдгийг онцоллоо.
Хувьцааны тухайд 1800-1072 дугаарын утсанд өнгөрсөн 7 хоногт 917 хүн холбогдож, мэдээлэл авчээ. Ингэснээр давхардсан тоогоор 74.000 орчим иргэн мэдээлэл аваад байна. Харин мэдээллийн төв нээгдсэнээс хойш 31.000 иргэн өөрийн биеэр ирж мэдээлэл авсан байна.
Хувьцааны ногдол ашиг өнөөдрийг хүртэл иргэдийн дансанд орохгүй байгаа талаар М.Амарбаяр “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг 05 сарын 01-нээс хойш олгох ТУЗ-ийн шийдвэр гарсан. Харин 05 сарын 01-нээс эхлэн иргэдийн дансанд шилжүүлэх тухай албан ёсны мэдээлэл тавигдаагүй. Гэхдээ аль болох хурдан хугацаанд ногдол ашгийг олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Хувьцааны ногдол ашиг нээлгэсэн, банкны дансаа холбосон иргэдийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлсэн.
Одоогийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бол 425.000 иргэн банкны дансаа холбосон. Тэдэнд ногдол ашгийг өнөөдөр ч шилжүүлсэн бэлэн гэж хэлж болно.
Өнөөдрийн байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадагалжийн төвд 1 сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл, бичиг баримтын асуудалгүй 1 сая орчим иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлсэн гэж ойлгож болно.
Харин бусад иргэдийн хувьд Е баримтын дансаар олгох ажлыг хийж байна. Энэ хүрээнд иргэдийн мэдээллийг нягталж, шалгах шаардлага байна. Овог, нэр ижил регистр өөр иргэд байхад регистрийн дугаар ижил, овог, нэр өөр иргэд бий. Энэ мэтчилэн Улсын иргэний бүртгэл мэдээллийн төвөөс мэдээллийг нягтлан баталгаажуулах ажил хийгдэж байна.
Иргэд хариуцлагатай байж хувьцааны дансаа нээлгэн, банкны дансаа холбовол энэ ажил арай эрчимтэй явагдах боломж байна” хэмээлээ.