Монгол Улсын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ.
Иргэд хувьцааны дансаа брокерийн компанид нээлгэж, мэдээллээ баталгаажуулахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас 7 хоног бүр мэдээолэл хийж, хэрхэн данс нээлгэх талаар мэдээлэл өгч байсан. Мөн 5 сувгаар баталгаат мэдээллийг авах боломжоор ханган ажилласан юм. Мөн Сангийн яаманд хандаж, иргэд ногдол ашгаа авах боломжуудыг эрэлхийлсэнээр Е баримтад бүртгэлтэй дансны дугаараар ногдол ашгийг олгохоор шийдвэрлэсэн.
Гадаадад байгаа иргэдийн хувьд Монголд бүртгэлтэй дансаараа ногдол ашиг авах боломжтой. Хэрэв ийм данс байхгүй бол хэзээ эх орондоо ирнэ, тэр үедээ нөхөн авах боломж бий гэдгийг тус компанийн удирдлагууд мэдээлсэн.
Түүнчлэн сүүлийн үед facebook олон нийтийн сүлжээнд “1072 хувьцаа авна”, “1072 хувьцаа бэлэн мөнгөөр авна”, “1072 хувьцаа худалдаж авна, данс нээнэ” гэх зэрэг зар мэдээлэл нь иргэд, олон нийтийг залилан мэхэлж болзошгүй гэмт хэргийн шинжтэй, зөвхөн пэйж хуудсаа олон хүний хандалттай болгох гэсэн зорилготой үйлдэл гарах болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь захиран зарцуулахгүй байх нөхцөлтэй буюу арилжаалагдах, бусдад шилжүүлэх боломжгүй бөгөөд Хорооны үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлтэй, зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д хандан 1,072 хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжтой.
Иймд иргэд та бүхэн 1,072 хувьцаатай холбоотой цахим сүлжээн дэх албан бус мэдээлэл, сурталчилгаанд хууртагдахгүй байх, бусдад залилан мэхлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.