Д.Нямхүү: Франц иргэн 47 хоногийн дараа эдгэрч, эмнэлгээс гарахаар боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж хэдэн хүнд шинжилгээ хийсэн хариу нь ямар гарсан талаар мэдээллээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020.04.26-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 161 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч гэх 19 хүнийг шинжилгээнд хамруулсан. Халдвар илрээгүй. Эмчилгээнд орохын өмнө эмч, сувилагчаас шинжилгээ авч, уушгины зургийг авч хадгалдаг. 14 хоногийн дараа мөн дахин шинжилгээнд хамруулж, уушгийг хянадаг.

Ажиглах байранд тусгаарлагдсан 130 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Үүнд Москвагаас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутан бий. Эдгээрээс халдвар илрээгүй.

Мөн танадалтын зорилгоор авсан 5 сорьцонд халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 жолоочоос шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.

Франц иргэн бүх шинжилгээ сөрөгжиж, өнөөдөр дараагийн шатны хяналт руу шилжиж байна. 47 хоног эмчлэгдэж гарлаа. Анх их хүнд ирсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээнд орсноос хойш дэлхий нийт биднийг ажиглаж эхэлсэн” гэлээ. 

Бусад өвчитнүүдийн тухайд хүнд хүн ч бий гэнэ. Гэсэн ч 50 хоногийн хугацаанд дадлагажиж, туршлагажиж байгаа төдийгүй эмчмолгээ онож байгааг эдгэрсэн хүмүүсээс харж болохыг тэрбээр нэмж хэлэв.

ДЭМБ-ын ажилтан О.Алтантуяа мэдээлэл өгөв. Тэрбээр “Сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт өндөр байгаа 10 орны 6 нь ДЭМБ-ын Европын бүсэд бүртгэгдэж, нийт халдварын 50 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн 7 хоногт ОХУ, Турк, Украйн, Беларусь зэрэг зүүн Европын орнуудад халдварын тархалын түвшин нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт өвчлөл АНУ, Англи, Турк улсад 3 хувиар нэмэгдсэн. Нас баралтын хувьд одоогоор Франц улс 185 хувь, Итали, Англи 13 хувьтай байн.

АНУ-д 4 хоног тутам тохиолдлын тоо 2 дахин нэмэгдэж байна. Бусад өндөр хөгжилтэй оронд тохиолдлын тоо 5 хоног тутамд 2 дахин, Сингапурт 8 хоногт, Японд 9 хоног тутам өвчлөл 2 дахин нэмэгдэх үзүүлэлттэй байна.

Тархалтын үе шат, хариу арга хэмжээний чадавхи, бэлэн байдлаас хамааран улс орнууд хязгаарлах арга хэмжээг чангатгах, эсвэл сулруулах арга хэмжээг авч байна. Цаашид нэмэлт арга хэмжээ авах уу, одоо авч  байгаа арга хэмжээгээ бууруулах гэдэг шийдвэрийг гаргахдаа олон эх үүсвэрийн танадалт, тархвар зүй, мэдээлэл, нийгэм, эдийн засаг зэрэг олон хүчин зүйлийг тооцож, тусгай аргачлалын дагуу хийдэг.

Манай улс Номхон далайн баруун бүсийн орнуудаас түрүүлж энэ аргачлалыг нэвтрүүлж эхэлсэн. Салбар хоорондын сургалтыг 2019 оны 12 сард хийж байсан.

Улс орнуудын туршлагаас харахад зөөвөрлөгдсөн тохиолдлоос голомтлогдсон халдвар, цаашлаад хүн амын дундах тархалт буюу 1-2 шат, 2-3 шат руу богино хугацаанд шилжиж байна.

Мөн зарим улс хязгаарлах арга хэмжээг амжиллтай авч, 3 дугаар шатнаас 1 рүү шилжсэн байна. Зарим улсад халдварын 2-3 дугаар давалгаа гарч эхэлсэн. 2 дахь давалгаа гарах уу, үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна.

Гол сургамж нь давалгаануудын хооронд бэлэн байдлаа бэхжүүлж, хамгийн хүндэрсэн байдалд бэлтгэх юм.

Манай улсын хувьд дараагийн шатандаа бэлтгэж, ковид 19-ийн нөхцөл байдалд тохируулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг үндэсний болон орон нутгийн түвшинд гаргаж заавар, журмаа тохируулан шинэчилж байна.

Өндөр тархалттай орнуудыг харахад халдвар хүн амын 0.3-0.5 хувийг эзэлж байна. Зарим орон саарс коронавирусийн эсрэг биетийг илрүүлэх шинжилгээнд үндэслэн эрсдэлгүй, дархлаа тогтсон гэсэн батламж гардуулах санал гаргасан. Харамсалтай нь ковид 19 халдвар эдгэрсэн болон эсрэг биетэй хүмүүс халдвар авахаас хамгаалагдсан гэсэн нотолгоо одоогоор байхгүй. Эдгэрсэн хүмүүст эсрэг биет бий болсныг судалгааны дүн харуулж байгаа ч зарим хүний цусанд эсрэг бие бага хэмжээтэй байна.

Саарс коронавирус 2-ын эсрэг бие нь дахин халдварлахаас сэргийлж чадах эсэхийг 04 сарын 24-н хүртэл хийсэн судалгаагаар тогтоогоогүй байна” гэлээ. 

buzznews.mn