Хүүхдийн ногдол ашгийг зөвхөн өөрийнх нь нэр дээрх дансаар авна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны мөнгийг ирэх сарын 1-нээс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор “1072 хувьцаа мэдээллийн төв”-өөс долоон хоног бүр иргэдэд хувцьаа болон ногдол ашиг, хөрөнгийн биржийн талаар мэдээлэл өгч байгаа билээ.

Энэ удаад иргэдийн асуултуудад дээрх төвийн мэргэжилтэн Н.Номин хариулт өглөө.

-Ногдол ашгийг хэзээ олгох вэ. Яаж авах вэ?

-Ирэх тавдугаар сарын 1-нээс хойш таны брокер диллерийн компани данс нээлгэсэн. Уг данстайгаа банкны дансаа холбох учиртай. Энэ дансаар дамжуулан ногдол ашгаа авна.

-Цэнхэр ягаан тасалбарын тухай мэдээллийг хаанаас авах вэ?

-Цэнхэр, яагаан тасалбарын талаар Монголын Үнэт цаасны төвлөрсөн төв гэсэн төрийн байгууллагаас лавлах боломжтой. Бичиг баримттайгаа очиж мэдээллээ шалгуулж болно. Коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой 05 сарын 01-н хүртэл дээрх төв түр хугацаанд ажиллахгүй байгаа гэдгийг хэлье. Иймээс та бүхэн ажиллаж эхлэхээр нь иргэний үнэмлэхээ барьж очоод шалгуулах боломжтой.

-Хувьцаа зарна гэх мэдээлэл цахим орчинд их байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа гэсэн пэйж хуудас байна. Эдгээрт ийм зар байна үнэн үү?

-Хувьцаатай холбоотой олон пэйж хуудас бий. Тэдгээрт “Хувьцааг худалдаж авна, зарна. Регистерийн болон утасны дугаараа бичиж үлдээгээрэй” гэсэн зарууд явдаг. Энэ бол худлаа мэдээлэл. “1072 хувьцаа мэдээллийн төв” гэсэн ганцхан пэйж хуудас бий. Энэ бол албан ёсны мэдээлэл түгээж байгаа. Хувьцааны арилжаа нээгдээгүй байхад хувьцааг зарах, борлуулах боломжгүй. Үүнийг мэдсээр байж худал мэдээлэл цацаж, пэйэ хуудсынхаа хандалтыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг анхааруулж байна.

-Гадаадад байгаа иргэд хувьцааны дансаа хэрхэн нээлгэж, ногдол ашгаа авах вэ?

 -Та гадаадад оршин суугаа 1072 хувьцааны дансаа нээлгэх хүсэлтэй байгаа бол онлайнаар нээлгэх боломжтой. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокерийн компанийг сонгон онлайнаар данс нээлгэх боломжтой. Мөн ETT аппликейшн  ашиглан хувьцааны тоо ширхэг болон данс нээлгэсэн эсэхээ шалгаж болно.

Харин ногдол ашгийг Монголд бүртгэлтэй дансаараа авна.  Хэрэв Монголд ашигладаг данс байхгүй эх орондоо ирж байж ногдол ашгаа авна.

-Хувьцааг өвлөж авахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арилжаа хараахан хөрөнгийн бирж дээр нээгдээгүй байгаа. Иймээс одоогоор хувьцааг зарах, худалдах, арилжаалах, өвлүүлэх, бэлэглэх боломжгүй.  

-Хүүхдийн дансыг брокер диллерийн компани дээр онлайнаар нээлгэж болох уу?

-2012 оны 04 сарын 11-нээс өмнө төрсөн иргэд 1072 ширхэг хувьцааны эзэмшигч байгаа. Үүнээс хойш төрсөн хүүхдүүд хувьцаагүй байгаа.

Насанд хүрээгүй хүүхдийн хувьцааны дансыг өөрийнх нь төрсөний гэрчилгээтэй нь брокер диллерийн компани дээр авч очоод нэр дээр нь данс үүсгэнэ. Уг данстайгаа хүүхдийнхээ 20.000 төгрөг авдаг данс эсвэл тухайн хүүхдэд хадгаламжийн дансны аль нэгийг бүртгүүлнэ. Ингэхдээ тухайн хүүхдийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй дансыг брокер диллерийн компанид бүртгүүлж, хүүхдийн ногдол ашгийг авна.

-Эцэг эх, асран хамгаалагчийн дансаар хүүхдийн ногдол ашгийг авч болох уу?

-Болохгүй. Зөвхөн тухайн хүүхдийн нэр дээрх бүртгэлтэй буюу өөрийн дансанд нь ногдол ашиг орно.

-Нас барсан иргэдийн хувьцааг хэрхэх вэ?

-Энгийн хувьцаа гэдэг нь хязгааргүй хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК хөрөнгийн бирж дээр арилжаанд гармагц та нас барсан иргэний хувьцааг өвлөх, худалдаж авах боломжтой. Одоогоор хөрөнгийн бирж дээр гараагүй байгаа учраас өвлөж авах, шилжүүлэх, бэлэглэх боломжгүй. Компани нээлттэй болоход нас барсан иргэний хувьцааг хэн нь авах талаар өвлүүлсэн нотриатын баталгаа хийлгээд шилжүүлж авч болно.

-Иргэдийн хувьцааны ширхэг яагаад ийм зөрүүтэй байна вэ?

- 1068ш хувьцаатай бол-2011 онд эрүүл мэндийн даатгалын  8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьцаа хасагдсан.

964ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.

857ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.

750ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.

527ш хувьцаатай бол- 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545ш хувьцаа хасагдсан.

544ш хувьцаатай бол-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528ш хувьцаа хасагдсан.

536ш хувьцаатай бол- 2011/03/11-2012/04/11 хооронд нас барсан, Монгол улсын харъяатаас гарсан иргэдэд хамаарна. 

buzznews.mn