Коронавирус буюу COVID-19-ийн халдвар дэлхий нийтийг цочроож байгаа энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ЭМЯ мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд олон нийтийг амны хаалт тогтмол зүүж, гарын ариун цэвэр сахихыг анхааруулж байгаа. Тэгвэл МХЕГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн тухай мэдээллээ. Тодруулбал, ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээллээ. Үүнээс гадна өөр нэг ноцтой мэдээллийг олон нийтэд өгсөн нь "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил илэрсэн бөгөөд дээрх компаниудад холбогдох стандартын дагуу ажиллах шаардлагыг хүргүүлсэн байна.