Ирэх тавдугаар сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгож эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор иргэдэд хувьцаа болон ногдол ашгийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг “Эрдэнэс Тавантолгой” компаниас 7 хоног бүр мэдээлэл хийж өгдөг.
Энэ удаагийн хурлаар олон нийтийн хамгийн ихээр асууж байгаа түгээмэл асуултуудад хариулт өглөө.
Үүний өмнө “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “04 сарын 1-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэл хугацаанд Цанхийн зүү, баруун уурхай нийлээд 3.5 сая тонн нүүрс олборлосон байна. Уурхайгаас 285 тэвшээр 321.000 тонн нүүрс ачилт хийлээ.
Экспортын хувьд 04 сарын 01-08-ныг дуустал хугацаанд 6000 орчим тонн нүүрс экспортлоод байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээвэрлэлт, экспорт, ачилтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Он гарсаар 27.6 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс уурхайгаас ачиж, нийтдээ 860.000 тонн нүүрс экспортлосон байна.
04 сарын 03-13-ны хооронд Мэдээллийн төвийн 1800-1072 утсанд 2757 хүн холбогдож, мэдээлэл авсан байна. Хувьцаатай холбоотой үйл аижллагаа, үйлчилгээгээ онлайн хэлбэрт шилжүүлсэн. Жишээ нь, ЕТТ аппликейшн татаж аваад хувьцааны тоо, ширхэгээ харах боломжтой болсон. Мөн мессеж, утсаар мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. Гэрээсээ гарахгүйгээр хувьцаатай холбоотой бүхий л үйлчилгээ, мэдээллийг авах боломжтой болсон” гэлээ.
Дээрх мэдээллийн дараа тэрбээр “1072 хувьцаа мэдээллийн төв”-д иргэдээс ирж байгаа түгээмэл асуултуудад хариулт өглөө. Мөн хэвлэлийн хурлыг хийж байх үеэр асуултаа илгээх боломжтой бөгөөд мэдээллийн төвийн ажилтнууд заавал хариулт өгнө гэдгийг тэрбээр энэ үеэр тодотгосон.
Асуулт: Ногдол ашгийн хэмжээ хэд вэ. Яаж тооцож авах вэ?
Хариулт: 2020.02.17-ны өдрийн ТУЗ-ийн шийдвэрээр нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь тухайн хувьцааны тухайн жилийн ашиг буюу цалин гэж ойлгож болно. Энэ хувьцааг үнэлж зарж байгаа хэлбэр биш. Ногдол ашиг авсанаар хувьцааны тоо ширхэг өөрчлөгдөхгүй. Хэрэв та 1072 ширхэг хувьцаатай бол 96480 төгрөг авна. Өөрөөр хэлбэл, 1 ширхэг хувьцааг 90 төгрөгөөр гэж тооцон, өөрт байгаа хувьцааны тоо ширхэгт үржүүлсэнээр таны хэдэн төгрөгийн ногдол ашиг авах тань гарч ирнэ.
Асуулт: Ногдол ашгийг хэзээнээс олгох вэ?
Хариулт: 2.5 сая хувьцаа эзэмшигч ногдол ашиг авна. Эдгээр иргэд брокерийн компанид дансаа нээлгэж, банкны дансаа холбуулахаас эхлээд бэлтгэл ажил хангагдах учиртай. Энэ бүх бүртгэлийн ажил хийгдэж байна. Ирэх 05 сарын 1-нээс хойш хуваарьтайгаар ногдол ашгийг олгоно.
Асуулт: Хувьцааны тоо ширхэг яагаад өөр өөр байна вэ
Хариулт: Хэрэв та 750 ширхэг хувьцаатай байгаа бол хамгийн сүүлд 2016 онд 300.000 төгрөгөөр Засгийн газарт 322 ширхэг хувьцаагаа зарсан байна гэсэн үг. Хэрэв та 300.000 төгрөг авсан бол 750 ширхэг хувьцаатай байгаа. Харин 100.000 төгрөг авсан бол 964 ширхэг, 200.000 төгрөг авсан бол 857 ширхэг хувьцаа байгаа.
Асуулт: Нас барсан иргэний хувьцааг хэрхэн өвлөж авах вэ. Үр хүүхдүүд нь одооноос бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай юу?
Хариулт: Нас барсан иргэний хувьцааг үр хүүхэд, гэр бүлийнхэн нь гээд эрх бүхий хүмүүс өвлөж авах эрхтэй. Гэхдээ өвлөж авах эрх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсон тохиолдолд өвлөх эрх үүснэ. Хувьцааг өвлөж авахдаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж, холбогдох материалуудыг бүрдүүлдэг. Жишээ нь нас барсаны гэрчилгээ, нотариатаар баталгаажуулсан өвлөх эрхийн хуулбар гэх мэтчилэн бичиг баримтыг бүрдүүлж хувьцаа болон ногдол ашгийг өвлөж авна.
Мөн энэ үеэр “1072 хувьцаа мэдээлийн төв”-ийн мэргэжилтэн Н.Номин онлайнаар иргэдээс ирж байгаа түгээмэл асуултуудыг багцлан хариулт өглөө.
Асуулт: Брокер диллерийн компаниудад хэрхэн данс нээлгэх вэ?
Хариулт: Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 гаруй брокер, диллерийн компани бий. Эдгээр компаниас сонгон хувьцааны дансаа нээлгэх боломжтой. Энэ мэдээллийг 1800-1072 утас болон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn сайтаас харах боломжтой. Эдгээр брокерийн компаниас сонгосны дараа төрсний гэрчилгээ болон цахим үнэмлэхтэйгээ очин хувьцааны дансаа нээлгэнэ.
Асуулт: Хувьцааны данстай эсэхээ хэрхэн шалгах вэ?
Хариулт: www.schcd.mn буюу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайт руу ороод Регитер хэсэгт монгол үсгээр регистерийн дугаараа бичин хувьцааны тоо ширхэг болон данстай эсэхээ шалгаж болно. Мөн 1800-1072 дугаарт залгаж, энгийн утасны тарифаар регистерийн дугаараа хэлж мэдээллээ мөн адил шалгуулж болно. Түүнчлэн 158989 тусгай дугаарт регистерийн дугаараа крилл үсгээр бичин хувьцааны данстай эсэх болон тоо ширхэгийн талаарх мэдээллээ авч болно.
Мөн www.ett.mn сайт болон ЕТТ аппликейшн ашиглан хувьцааны тоо ширхэг болон данстай эсэхээ мэдэх боломжтой. Хэрэв та данстай бол дахин данс нээлгэх шаардлагагүй. Харин ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулж 05 сарын 1-ий өдрөөс хойш ногдол ашгаа авах боломжтой.
Асуулт: Брокер, диллерийн компанийн үйл ажиллагаа нь дампуурсан, мөн утсаа авахгүй, ажлын байран дээрээ очихгүй чирэгдэл үүсгээд байна. Энэ тохиолдолд яах вэ?
Хариулт: Брокер диллерийн компанийг сонгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулж байна уу, хэдэн жилийн туршлагатай вэ, өөрийн гэсэн байртай юу гэхчлэн энэ бүхнийг харгалзан үзэж, сонгох хэрэгтэй. Хэрэв тухайн брокерийн компани дампуурсан бол автоматаар өөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа компани руу шилждэг. Хэрэв тухайн компани утсаа авахгүй, ажил дээрээ байхгүй чирэгдэл үүсгээд байвал Монголын хөрөнгийн биржид өргөдөл гаргах боломжтой. Мөн Арилжаа эрхлэгчдийн холбоо гэж бий. Энэ холбоонд мөн адил өргөдөл гомдлоо гаргах боломжтой.
Асуулт: Банкны дансаа брокер диллерийн компанидаа хэрхэн холбуулах вэ?
Хариулт: Та өөрийн идэвхтэй хэвийн ашиглагддаг дансаа ямар брокер, диллерийн компани бүртгүүлсэн тухайн брокерийн компанидаа баталгаажуулан, шинэчлэн, мөн шинээр данс нээж байгаа бол тухайн брокерийн компанийнхаа бүртгэл дээр дансаа бичиж үлдээнэ. Ингээд тухайн дансаар дамжуулан ногдол ашиг орно.
Асуулт: Нас барсан болон гадаадад байгаа иргэдийн ногдол ашгийг ар гэрийнхэн нь авах боломжтой юу?
Хариулт: Нас барсан иргэний тухайд “Эрдэнэс Тавантолгой” компани нээлттэй болсны дараа авах боломжтой. Тухайн иргэний ногдол ашиг хуримтлагдаад байж байна гэсэн үг. Тухайн иргэний хувьцаа хэзээ өвлүүлэн авна тэр үедээ ногдол ашиг авах боломжтой.
Харин гадаад байгаа иргэний хувьцааны дансыг онлайнаар нээлгэх боломжтой. Та брокер компаниудаас сонгон тухайн компанийнхаа сайтаар хандан, данс нээлгэх боломжтой. Сонгон данс нээлгэсэн брокер компанидаа Монголд ашиглагдаж байгаа банкны дансаа өгнө. Хэрэв Монголд ашиглагддаг данс байхгүй бол та Монголд хэзээ ирнэ тэр үедээ ногдол ашгаа авна.
Асуулт: Хуцвьцаа ашиглаагүй байхад хасагдсан байна. Хаана шалгуулах вэ?
Хариулт: “Сайн” хувьцаа хөтөлбөрийн 2016 оны 300.000 төгрөг хүртлэх хувьцааны хасагдалт явагдсан байдаг. Хэрэв та тухайн үед мөнгө авсан бол хэдэн төгрөг авсанаас хамааран хувьцааны тоо ширхэгт өөрчлөлт орсон.
Асуулт: Мөнгө нь орж ирээгүй мөртлөө хувьцааны тоо ширхэг хасагдсан байвал яах вэ?
Хариулт: Хэрэв та мөнгө нь орж ирээгүй мөртлөө хувьцааны тоо ширхэг хасагдсан гэж үзэж байгаа бол тухайн үед ямар банкаар дамжуулан мөнгө авсан тэр үеийнхээ банкны дансны 2016 оны 6-8 сар хүртлэх дансны хуулгаар орсон эсэхийг нь шалгана.
Асуулт: Заавал данс нээлгэж байж, ногдол ашгаа авах уу?
Хариулт: Хэзээ данс нээлгэнэ тэр болтол ногдол ашиг хадгалагдан, хуримтлагдаж байна гэсэн үг.