Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 112 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Халдварын 1.603.719 тохиолдол бүртгэгдэж, 85.722 хүн нас бараад байна. Дэлхий дахинд халдварын улмаас 1.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өвчлөл АНУ, Итали, Испани, Герман, Франц, Их Британи улсад халдварын эрчимтэй тархсан хэвээр байна. Энэ тархалт 4-5 сарыг дуустал үргэлжлэх магадлал өндөр байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Япон, Солонгос улсад өвчлөлийн тархалт хэвээр байна. Тэр дундаа Япон улсад өвчлөл нэмэгдсээр байна. Халдвар эмнэлгээс шалтгаалан тархаж байна хэмээн үзсэн байна. Учир нь 1 өвчилсөн хүнийг эмнэлэгт үзүүлэхийн тулд 2-3 хүн дагаж ирдэг. Энэ байдлаас болж эрүүл хүн эмнэлгээс халдвар авч өвчлөл тарж байна гэж үзсэн байна.
Хятадын Ухань хот болон Солонгосын Тэгү хотод халдвар эрчимтэй тархсан нь мөн эмнэлэгт иргэд ирсэнээс болсон гэж үзсэн байдаг. Манай орны хувьд ч гэсэн эмнэлэгт хандах хандлага эрс нэмэгдсэн. Нэг хүнийг үзүүлэхийн тулд олон хүн дагаж ирдэг. Мөн эргэлтээр ирэх байдал нэмэгдсэн.
Улсын 3 төв эмнэлэгт хийсэн судалгаагаар 1 өвчтөнд судасны шинжилгээ хийлгэхэд 8-10 хүн дагаж ирдэг гэж гарсан байна. Энэ нь өвчлөл тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. .
ДЭМБ-аас хүний бөөгнөрөл үүсгэх нь халдвар тархах эрсдэлтэй гэдгийг сануулж, анхааруулсаар байгаа билээ. Иймд аль болох эмнэлгийн байгууллага руу ирэхгүй байхыг ард иргэддээ хандан анхааруулж байна.
Ийм бөөгнөрөл үүсгэхгүйн тулд дэлхийн улс орнууд олон төрлийн арга хэмжээ авч байна. Израль улсад нэг машинд 2 хүн явахыг зөвшөөрсөн. Үүнээс олон хүн явахыг хориглосон. Мөн үйлчилгээний байгууллагад 4 хүн дараалж 2 метрийн зайтай зогсохыг зөвшөөрсөн.
Авсрали улсад 2 дээш хүн бөөгнөрөл үүсгэвэл 11.000 австрали долларын торгууль оногдуулахаар болсон. Энэ хатуу дэглэмийг 90 хоног үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа.
Турк улсын Засгийн газар иргэдээ гэртээ байхыг сануулж байна. Турк улс гадаадын иргэдийг үнэ төлбөргүй оношилж, эмчлэх шийдвэр гаргасан.
Хятадын судлаачид халдварын тархалт нь улс үндэсний онцлогоос хамаарахгүй. Хөл хорио тогтоох дэглэмийг хэрхэн барьж байгаагаас шалтгаалж их бага байх нь нөлөөлж байна гэж үзсэн байна. Үүнд залуучуудын үүрэг оролцоо их гэдгийг тодотгосон. Хөл хорионы дэглэмийг чанд сахиагүйгээс болж Солонгос, Япон, Германд өвчлөлийн тархалт их байна” гэлээ.
Харин манай улсын хувьд лабораториар батлагдсан 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 хүн эмчлэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 12 хүн эмчлэгдэж байна. Ажиглалтад 1410 хүн байгаа. Өчигдөг 167 хүн ажиглалтаас гарчээ.
Улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол нэг ч бүртгэгдээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ.
Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ болон улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол нэг ч бүртгэгдээгүй.
Нийт 121 хүний шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй. Үүнд Дорноговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй 1 тохиолдол, мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс багтсан.
2020.04.08-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүний шинжилгээний хариу гарсан. Мөн танадалтын шугамаар авсан 30 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Танадалт судалгаа үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн хянагдаж байна” гэлээ.
buzznews.mn