COVID-19: Турк иргэнээс халдвар илэрч нийт 15 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 211 оронд бүртгэгдсэн байна.  Өмнөд Судан зэрэг шинээр 2 улсад халдвар бүртгэгдлээ. Дэлхийд халдварын нийт тохиолдол 1.272.860 болж, 69.420 хүн нас барсан байна.

АНУ, Итали, Герман, Франц, Испани, Турк улсад өвчлөл хурцтай тархаж байна. Азийн орнуудаас Япон улсад халдвар эрчимтэй тархаж байна. Сүүлийн 24 цагт халдварын 360 тохиолдол нэмэгдэж, нийт 4570 болсон байна. Япон улсын 47 мужийн  44-т нь халдвар бүртгэгдсэн байна. Сингапурт гадаадын ажилчид байдаг 2 дотуур байранд халдварын 100 тохиолдол бүртгэгдэж 20.000 хүн 14 хоногийн турш хөл хорионд орсон. Манай улсад лобараторит батлагдсан 14 тохиолдлын 2 нь сувилалд байгаа бол 12 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Ажиглалтад өнөөдрийн байдлаар 2075 хүн байна. Биеийн байдал хэвийн байна. Өчигдөр 21 хоногтой нярай халуурч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.04.05-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан 3 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-т тусгаарлагдсан байсан Турк иргэний шинжилгээний хариу гарч, халдвар илэрсэн. Ингэснээр батлагдсан тохиолдол 15 болж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн ажиглалтад байна. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 184 хүнээс өнөөдөр шинжилгээ авахаар төлөвлөөд байна” гэлээ.

buzznews.mn