ЭМЯ: СЭЛЭНГЭ, ДАРХАНД 2 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 206 оронд халдвар бүртгэгдээд байна. Арлын нутагт өвчлөл нэмэгдсэн байна. Итали, АНУ, Испанид өвчлөл эрчтэй тархаж байна. Өнгөрөгч 03 сард хагас сая хүн энэ өвчнөөр өвчилсөн тухай ярьж байсан бол 3 хоногийн дотор 900 гаруй мянган хүн өвчилсөн байна.

Анх өвчлөл эхэлж байхад халдварын тохиолдлыг 14 хоногт 100.000 гэж ярьдаг байсан бол 6-7 хоногт 400.000 гэж ярьдаг боллоо. Өвчлөл асар хурдан тархаж байна. Нас баралтын түвшин мөн нэмэгдэж байна. Анх нас баралтын түвшин 3.4 байсан бол 4.9 болсон байна.

Тэр дундаа Итали улсад нас баралт 12 хувьд хүрсэн байна. Бага насны хүүхдүүд сүүлийн 7 хоногт ихээр халдвар авч байна. АНУ-д 6 долоон хоногтой хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдлээ.

Манай улсын хувьд зөөвөрлөгдөн, лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэн. 2 хүн нь эдгэрч, 14 хоногийн тусгаарлалтад шилжиж, эмчийн хяналтад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2 сэжигтэй тохиолддол бүртгэгдлээ. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 сэжигтэй тохиолдлын тухайд Турк, Энэтхэг улсаар аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр өөрийгөө 14 хоног тусгаарласан боловч уушгины хатгалгаа илэрч, эмнэлэгт хандсан. Ойрын хавьтлын 7 хүнийг тусгаарласан.

Дарханд байгаа 1 оюутны тухайд тусгаарлалтын байранд байсан тул ойрын хавьтал байхгүй. Уушгины шинж тэмдэг илэрсэн байдалтай. Өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байгаа. Биед орсон өөрчлөлт байхгүй. Улсан хэмжээнд 24 цагийн дотор 135 эх амаржиж, 134 нярай мэндэлсэн. Эрчимт эмчилгээний тасагт  174 хүн хэвтэн эмчлүүлж байна. Түргэн тусламжийн 574 дуудлага ирсэн. Ихэнх нь төрөхийн болон осол гэмтэл. Ингэхдээ архидан согтуурсан дуудлага ихээр ирж байна” гэлэ

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Халдвар Африкийн 2 оронд шинээр бүртгэгдсэн байна. Халдвараар нийт 858669 хүн өвчилж, 42151 хүн нас бараад байна. Бүрэн эдгэрсэн 178099 байна” хэмээн дэлхийн дахин дахь халдварын нөхцөл байдлын талаар танилцуулав.

Үргэлжлүүлэн тэрбээр өөрийн оронд тусгаарлагдан, эмчлүүлж байгаа болон тусгаарлалтаас гарсан иргэд хяналтаас гарч байгаа талаар мэдээлэл өгсөн юм. 

Монгол Улсын хувьд батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр нэмэгдсэн 2 тохиолдол нь Туркийн иргэд байгаа. Ажиглалтад нийт 2272 хүн байна. 2020 оны 01 сарын 09-нөөс хойш нийт 4048 хүнийг ажиглалтад авсан байна.

Тусгаарлалтаас гарсан иргэд гэртээ өөрийгөө тусгаарлах учиртай. Өнөөдрийн байдлаар 100 иргэнийг гэрийн эргэлтэд шилжүүлжээ. Тэдэнд өрхийн эрүүл мэндийн төв болон тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороо, цагдаагийн байгууллага ажиглалтад хамруулж байгаа аж. Гэвч хүндрэл гарах болжээ. Энэ талаар тэрбээр “Иргэд бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй, утасныхаа дугаарыг өөрчлөх явдал их гарч байна. Мөн өөр давхар утас ашиглаж байна. Эрүүл мэндийн ажилтан очихоор хаалгаа тайлахгүй байх тохиолдол гарч байна. Эсвэл утсаар залгахаар уурлаж, уцаарлах байдал гарсан. Зарим иргэд хөдөө орон нутаг руу гэр бүлийнхээ хүмүүстэй явсан зэрэг тохиолдлууд гарч байна.

Коронавирус халдвар тоглоом биш. Хариуцлагатай бай. Та бүхний төлөө ажиллаж байгаа энэ олон хүний цаг хөдөлмөрийг бага ч болтугай үнэлээ. Үүнийг бас иргэдээд сануулж хэлмээр байна. Цаашид амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, гадуур аль болох явахгүй байх хэрэгтэй” гэлээ