ЭМЯ:  Сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргаад байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртлэх хугацаанд зогсоогоод байгаа билээ. Энэхүү карантиныг үргэлжлүүлэх эсэхийг Эрүүл мэндийн яамнаас санал авч шийдэх бөгөөд энэ баасан гарагийн Улсын онцгой комиссийн хуралдаанаар эцэслэнэ хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр мэдэгдсэн юм.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны зүгээс карантиныг дахин нэг сараар сунгах санал гаргаснаа албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ. Тодруулбал, "Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30-н хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" гэжээ.

эх сурвалж: buzznews.mn