Б.Лхагвасүрэн: 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлууллаа

Засгийн газрын хуралдаанаар нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Улмаар иргэдийн зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны удирдлага мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газар хэлэлцлээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Тус зөвлөл өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан" гэв.

Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн "Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна.Нийт 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ бидэнд өглөө. Тэдний 65 хувь нь аж ахуйн нэгжийн зээл байна. Банкууд ч саналаа бидэнд хүргүүлсэн. Үүссэн асуудлыг хэрхэн хөнгөн шийдэх вэ гэж бид ярилцсан. Банкууд Зохистой харьцааны болон Антив ангиллын журмыг дагаж мөрддөг. Энэ журамд тодорхой өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан юм.

Банк бус санхүүгийн байгууллагууд ч зээл олгож байна. Бид бүх талд ашигтай байх хувилбарыг хайж үзлээ. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна.  Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна.

Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг. Нийт 419 мянган зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй байна. Бодлогын хүүг бууруулснаар цаашид зээлийн хүү улам буурах нөхцөл бүрдэж байгаа" гэв.

Мөн мэдээллийн үеэр 29 банк бус санхүүгийн байгууллага  шимтгэл хураамжаа тэглэсэн тухай онцолсон. Мөн нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй болохоо мэдэгдсэн гэнэ.