Засгийн газрын хуралдаанаар карантины хугацааг сунгасантай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд тэрбээр сургууль, цэцэрлэг ирэх сарын 30-н хүртэл хичээллэхгүй. Гэхдээ цахимаар хичээл явагдаж, гэрийн даалгавар өгнө. Хэдийгээр нөхцөл байдалтай холбоотой хичээл орох хоногийг хойшлуулж байгаа ч зуны амралт товлосон хугацаандаа эхэлнэ гэлээ.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэдгийг ч онцолсон юм. Тодруулбал, тэрбээр "Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэсээр байна. Эдгээр хичээлийг бэлдэхэд телевизийн 350 гаруй ажилтнуудын хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тодотгох ёстой. Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй.
Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд найман долоо хоногийн турш буюу хоёр сарын хугацаанд Даваа-Бямба гарагт хичээллнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.
Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс,
VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна.
Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг "Теле хичээл"-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна" гэлээ.
Дээрх мэдээллийг өгсөний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сурагчид анх удаа теле хичээл үзэж байна. Үр дүнг хэрхэн хянах вэ. Шалгалт авах уу?
-Сурагчид анх удаа урт хугацаанд гэртээ хичээлээ үзэж байна. Бүх шатны боловсролын байгууллага, ялангуяа ерөнхий боловсролын сургуульд заах арга зүйн зөвлөмжийг сургууль бүрт хүргүүлсэн. Гуравдугаар сарын 30-нд хичээл ороход эхний долоо хоногт нь теле хичээлийн агуулгыг бататгах хичээлийг оруулна. Бага насны хүүхдүүд урт хугацаанд завсарласнаар шинээр дасан зохицох хэмжээний хүндрэл үүсдэг. Үүнээс эхлээд хүндрэлүүд гарах тул бататгах, давтах, агуулгын хоцрогдлыг арилгахад анхаарч ажиллана.
Боловсролын салбарын үйл ажиллагаанд багш, сурагч, эцэг, эхийн хамтын ажиллагаа чухал. Хүүхдүүдэд ихээхэн ачаалал ирнэ. Хүүхдүүдийнхээ сургалтын сайжруулахын төлөө эцэг, эх, багш нар хамтрах учиртай. Тодорхой хэмжээнд гэрийн даалгавар өгнө. Энэ бүрт төвөгшөөлгүй сургалтын үйл ажиллагааг ойлгохыг хүсье. Энэ бүх зохицуулалт, хүчин чармайлт нь эцэстээ та бүхний хүүхдүүдийн мэдлэг боловсролыг хоцроохгүйн тулд хийж байгаа ажил юм.
-Нэг хичээл 10-20 минут үргэлжилж байгаа нь богино байна гэх шүүмжлэл бий. Энэ талаар юу хэлэх вэ. Хичээлийн хугацааг сунгах боломж бий юу?
-Хичээлийн 40 минутын турш багш ганцаараа яриад байдаггүй. Хичээлээ заана, хүүхдүүдтэйгээ харилцан ярилцана, нэмж тайлбарласнаар 40 минут болдог. Үүнээс багшийн заадаг хичээлийн үндсэн агуулга нь 15-20 минутад багтдаг. Теле хичээл зааж байгаа багш нарын заах арга барил, хандлагад олон нийт эерэг үнэлгээ өгч байгаа.
-Үүнд хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ?
-Салбарын сайдын багц дотроо зохицуулалт хийж байгаа тул төсөвт хүндрэл үзүүлэхгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд, телевизүүд ямар нэгэн мөнгө төгрөг авалгүйгээр боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Одоогийн байдлаар 92 сая төгрөгийн зардал гаргасан.
-Хорио цээрийн дэглэм өмчийн хэлбэр хамаарах уу. Хувийн хэвшлийн сургуулиудын тухайд төлбөрийн асуудал сөхөгдөж байгаа?
-Өмчийн хэлбэр хамаарахгүй бүх шатны сургалтын байгууллагад үйлчилнэ. Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаа хэвээрээ байгаа. Хувийн сургуулиудын заавал үзэх хичээл ч телевизээр хүрч байна. Ямар нэг санхүүжилтийн асуудал болон хувийн сургуулиудад хүндрэл гарч байгаа тухай албан ёсоор гомдол санал ирээгүй.
эх сурвалж: www.buzznews.mn/