“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болсон талаар мэдээлэл хийлээ. Ногдол ашгийг ирэх тавдугаар сараас иргэдийн дансад олгож эхлэх гэнэ.
Энэ талаарх мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өглөө.
Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой компанитай холбоотой өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрын шийдвэрүүд гарсан. 2010 онд эл компанийг байгуулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд компани үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг өгч байсан түүх байхгүй. Анх удаа ногдол ашиг хуваарилахаар болж, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийлдвэр гарлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, оюутнуудын хувьцааг даваа эрхтэйгээр төрөөс худалдан авсан. Иймээс иргэн бүр 1072 ширхэг хувьцаагүй байгааг хэлэх хэрэгтэй байх. Ногдол ашиг хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш гэдгийг мөн тодотгоё. Ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэх санал өнгөрсөн хугацаанд их гарсан. Өнгөрсөн жил нэгж хувьцааг 25 төгрөг гэж үнэлж болох тооцооллыг Засгийн газарт танилцуулж байсан. Харин компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил өрнөж, борлуулалт, худалдан авалт нэмэгдсэн 15.5 сая тонн нүүрс олборлож, ашиг тэр хэрээр өссөн. Энэ хүрээнд нэгж хувьцааг 90 төгрөгөөр бодож, 1072 ширхэг хувьцаа 96480 төгрөгөөр олгож брлох тооцоо гарлаа. Цаашдаа ногдол ашгийн хэмжээ өснө гэж харж байгаа" гэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани 2019 онд 1.3 тэрбум ам.долларын валютын орлоготой ажилласан. Үндсэн хуульд иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхтэй. Энэ дагуу 2.5 сая гаруй иргэн компанийн хувьцааг эзэмшдэг. Иргэдэдээ анх удаа ногдол ашиг олгохоор болж байгаа нь энэ. 2016 оноос хойш компани цэвэр ашигттай ажиллаж байгаа. Үүний өмнө маш их хэмжээний өр төлбөрийг дарж ажилласан. Ингэснээрээ төрийн өмчит компани сайн ажилладаг бодит жишээ болж чадлаа. Мөн төр муу менежер биш гэдгийг харууллаа. Өнөөдөр 2 сая 80 мянган иргэн хувьцаа эзэмшиж байна. Уг нь 2.5 сая иргэн хувьцаа эзэмшигч хэдий ч дансаа нээлгэсэн нь энэ. Дансаа нээлгээгүй иргэдийн ихэнх нь хүүхэд, гадаадад амьдарч байгаа иргэд. Бусад нь өөртөө анхаарал тавьдаггүй, хувьцааны дансанд ач холбогдол өгөөгүй хүмүүс гэж хэлж болох юм. Гэхдээ дансаа нээлгэх боломжтой.
Одоогийн байдлаар 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа 1.080.592 иргэн бий аж. Тэд 96480 төгрөгийн ногдол ашиг авна.
502 ширхэг хувьцаатай 667.898 иргэн байна. Тэд 67500 төгрөгийн ногдол ашиг авна.
527 ширхэг хувьцаа эзэмшигч 10844 иргэн бий аж. Тэд 47130 төгрөгийн ногдол ашиг авна.
Өнөөдөр мэдээлэл хийснээр ногдол ашиг иргэдийн дансад шууд орохгүй гэдгийг хэлье. Брокерийн газруудад дансаа нээлгэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн хурал 4 сарын 17 хавьцаа болно. Энэ шийдвэрийг танилцуулна. Шууд хэлэхэд, ногдол ашгийг ирэх тавдугаар сард иргэдийн дансад шилжүүлж эхэлнэ.
эх сурвалж: buzznews.mn