Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Өнгөрсөн онд Обервартын Европын нээлттэй тэмцээний аварга, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг Словакийн Братислав хотноо мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн оны “Мастерс”-т үзүүрлэсэн тэрбээр 2020 оны Монгол Улсын аваргад түрүүлээд Европыг зорьсон бөгөөд Парист тун хангалтгүй барилдаж, тэмцээнийг эхний тойргоос орхиод байсан. Энэ удаад тэрбээр эхний даваандаа гоц мөргөөд хоёрдугаар тойрогт өнгөрсөн оны Эстоний Таллиннд болсон Европын нээлттэй тэмцээний аварга Германы Мира Ульрихыг 1:41 минутад вазари үнэлгээгээр илүүрхэж байгаад цэвэр ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог вазаригаар, хагас шигшээд өнгөрсөн оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, өсвөр үеийн Европын аварга Ассунта Скуттог  2:19 минутад цэвэр ялсан байна. Улмаар аваргын төлөө Японы Аой Огүратай хүч үзэж, хутгах мэхэнд нь вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээн мөнгөн медаль хүртлээ. Түүнтэй хамт энэ тэмцээнд -78 кг-ын жинд ОУХМ Мөнхцэцэг, +78 кг-д Эрдэнэбилэгийн Гандиймаа нар өрсөлдлөө. Э.Гандиймаа эхний тойрогтоо Австрийн Мария Холлвартыг 2:50 минутад цэвэр ялсан ч Францын Леа Фонтейн, Унгарын Мерседес Шзигетвари нарт торгуулиар ялагдснаар долдугаар байр эзэлжээ. Улмаар энэ амжилтаараа манай эмэгтэй баг 29 улсаас тавдугаар байр эзэллээ.

-48 кг:

1.Аой Огүра /Япон/

2.Ганбаатарын Наранцэцэг

3.Габриала Чибана /Бразил/

3.Ассунта Скутто /Итали/

Харин Австрийн Оберварт хотноо эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн болж, манай хоёр залуу мастер хүч үзлээ. -60 кг-ын жинд Женко клубийн тамирчин Энхтайваны Сумъяабазар шагналт тавдугаар байр эзэлсэн бол өсвөр үеийн ДАШТ-ий тавдугаар байрт Бямбасүрэнгийн Сүхбат эхний тойрогт ялагдал хүлээжээ. Б.Сүхбат эхний тойрогт Францын Ричард Вергнест нэмэлт цагт буюу 6:39 минутын барилдаанд торгуулиар ялагдсан бол Э.Сумъяабазар таван тойрог барилджээ. Тэрбээр эхлээд Недерландын Тибо Воллеманыг нэмэлт цагт буюу 5:01 минутад цэвэр, хоёрдугаар тойрогтоо “Мастерс” болон Парис, Бакугийн Их дуулгын мөнгөн медальт Францын Винсент Лимарыг 5:17 минутад цэвэр савжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Перугийн Делмар Каллег вазари үнэлгээгээр ялж, их шөвөгт шалгарсан ч Японы Хёга Ношод хоёр вазаригаар, хүрэл медалийн төлөө залуучуудын Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Казахстаны Канат Сейлханд нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдлаа. Мөн -73 кг-ын жинд Лавжаргалын Анхзаяа зодоглож, Австрийн Херберт Уикерийг вазари үнэлгээгээр ялаад хоёрын даваандаа Недерландын Янник Ван Дер Колкт вазаригаар ялагджээ.

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас +100 кг-ын жинд ОУХМ Баттулгын Тэмүүлэн, Одхүүгийн Цэцэнцэнгэл нар өрсөлдөнө. Тэд хоёул В хэсэгт хуваарилагдсан бөгөөд эхний учраа ялбал хэсгийн аваргын төлөө хоорондоо өрсөлдөхөөр сугалаа татжээ. Б.Тэмүүлэн эхний тойрогт залуучуудын Европын цомын тэмцээний мөнгө, хүрэл медальтай Румыний Лука Кунсзабо барилдах бол О.Цэцэнцэнгэл энэ оны Луксембургийн Европын нээлттэй тэмцээний мөнгөн медальт Францын Гуерман Андреевтай учраа таарчээ.