2020 оны жүдо бөхийн өнгийг тодорхойлох тэмцээн Францын нийслэл Парис хотноо эхэллээ. Европт болдог хамгийн нэр хүндтэй тэмцээнд 115 орны 407 эрэгтэй, 276 эмэгтэй, 683 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, -66, -73, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, Монгол Улс хамгийн өндөр амжилтаа үзүүлж, таван медаль хүртээд байна. Тэмцээний эхний өдөр манай багаас -57 кг-ын жинд хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дэлхийн аварга Криста Дегүчитэй финалдсан бол гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин, ОУХМ Ц.Цогтбаатар, Ё.Басхүү нар медалийн тоог ахиуллаа. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -81, -90, -100, эмэгтэй -70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Хэсгийн барилдаанууд өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:30-д эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд шөнийн 00:00 цагт эхлэнэ.

-60 кг:Нийт 44 жүдоч хүч үзсэн энэ жинд ДАШТ-ий мөнгөн медальт Могол Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин хүрэл медаль хүртлээ . Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд  хоёрын даваандаа Чиндаогийн “Мастерс”-т Г.Болдбаатарыг ялаад байсан Германы Моритз Плафкайг нэмэлт цагт буюу  5:36 минутад вазари үнэлгээгээр яллаа. Улмаар гуравдугаар тойрогт Чиндаод ялагдаад байсан Украйны Артём Лесьюкийг вазари үнэлгээгээр ялагдаж яваад үнэлгээг тэнцүүлсэн бөгөөд нэмэлт цагт цэвэр савсан байна. Харамсалтай нь манай бөх хэсгийн аваргын төлөө олимпийн мөнгө, дэлхийн алт, хүрэл медальт Казахстаны Елдос Сметовд вазари үнэлгээгээр ялагдсан. Гэвч торгуульд залуучуудын дэлхийн аварга Испаний Франческо Гарригосыг 21 секундэд дархан хутгах мэхээрээ цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.  Улмаар хүрэл медалийн төлөө тэмцээний гол нээлтүүдийн нэг Туркийн Михрач Аккустай хүч үзлээ. Өнгөрсөн оны Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Д.Амартүвшин энэ удаад 2017 оны өсвөр үеийн дэлхийн аварга Туркийн 19 настай жүдочинг 2:16 минутад дархан хутгах мэхээрээ цэвэр ялж, Токиогийн олимпод өрсөлдөх боломжоо нэмлээ.

Түүнтэй хамт энэ жинд хүч үзсэн 2020 оны Монгол Улсын аварга Лхагважамцын Өнөболд эхний барилдаанаа 2019 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ахмад Юсифовтой хийж, 2:32 минутад цэвэр ялжээ. Гэвч манай бөх дараагийн даваандаа ДАШТ-ий тавдугаар байртай олимпод оролцохоор Елдос Сметовтой хүчтэй өрсөлдөж буй Казахстаны Гусман Кыргызбаевт нэмэлт цагт буюу 6:04 минутад вазари үнэлгээ алдан үзэгчдийн суудалд шилжсэн байна. Г.Кыргызбаев хэсгийн аваргын төлөө  

Энэ жингийн гол фаворит Японы Риюүжү Нагаяма ДАШТ-ий тавдугаар байрт Кыргызстаны Кубанчбек Айбек Уулу, Францын Валид Хяр, БНСУ-ын Ким Вон-Жин, Туркийн Михрач Аккус, ОХУ-ын Яго Абуладзег ялж аваргаллаа.

1.         Рюүжү Нагаяма /Япон/

2.         Яго Абуладзе /ОХУ/

3.         АМАРТҮВШИН ДАШДАВАА

3.         Елдос Сметов /Казахстан/

5.         Михрач Аккус /Турк/

5.         Ким Вон-Жин /БНСУ/

7.         Франческо Гарригос /Испани/

7.         Гусман Кыргызбаев /Казахстан/

-48 кг:Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг Парисын Их дуулгаас тав дахь медалиа хүртлээ. Тэрбээр өнгөрсөн онд Парист -52 кг-ын жинд өрсөлдөж тавдугаар байр эзэлсэн бөгөөд түүнээс өмнө 1 алт, 3 мөнгө хоёр хүрэл медаль хүртээд байлаа. Энэ удаад дэлхийд есдүгээрт эрэмблэгдэж байгаа манай тамирчин медалийн цуглуулгаа дахин нэг хүрэл медалиар арвижууллаа. Энэ удаад манай ДАШТ-ий иж бүрдэл медальтан Австрийн Катарина Танзерыг 1:36 минутад, хоёрын даваандаа Францын Мелоди Вогарниг 1:05 минутад хэвтээ барилдаанаас өчиж цэвэр ялснаар шилдэг наймд шалгарсан. Гэвч хэсгийн аваргын төлөө 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад нэмэлт цагт торгуулиар ялагдлаа. Энэ жүдочид манай гавьяат өнгөрсөн оны Осакагийн Их дуулгад ялагдаж байсан бөгөөд хоёр дахиа учраа таарч ялагдлаа. Гэвч манай гавьяат торгуулийн тойрогт Израйлын Шира Ришониг 2:27 минутад, хүрэл медалийн төлөө эзэн орны Ширин Боуклиг 42 секундэд тус бүр өчих мэхээр цэвэр яллаа. Түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн “Чиндао-2019” Мастерс ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогтоо ОХУ-ын Алесья Кузнецовад 11 секундэд цэвэр бууснаар тэмцээнээ дуусгасан байна.

Энэ жинд дэлхийн хошой аварга Дария Белодид, Японы Вакана Когаг вазари үнэлгээгээр ялснаар хоёр дахь удаагаа Парист аваргаллаа. Д.Белодидийг өнгөрсөн онд Тбилист ялсан Францын Мелани Клемон манай М.Уранцэцэгтэй хамт хүрэл медаль хүртлээ.

1.         Дария Белодид /Украйн/

2.         Вакана Кога /Япон/

3.         Мелани Климон /Франц/

3.         УРАНЦЭЦЭГ МӨНХБАТ

5.         Ширайне Боукли /Франц/

5.         Лаура Мартинез Абеленда /Испани/

7.         Кан Юу-Жеон /БНСУ/

7.         Шира Ришони /Израйл/

-66 кг:ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү Гранд Слам ангилалаас дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөл хоёрын даваандаа Энэтхэгийн Жаслин Сингх Сайниг үндсэн цагт вазари үнэлгээгээр ялж эхний ялалтаа авсан. Улмаар 69 жүдоч оролцсон тус жингийн гуравдугаар тойрогт Ирландынн Натон Бөрнсийг 3:19 минутад торгуулиар, шилдэг наймд шалгархын төлөө эзэн орны Килиан Ле Блоч нэмэлт цаг сунган 11:11 минутад вазари үнэлгээ авч яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг 2:13 минутад мушгих мэхээр цэвэр савсан бол хагас шигшээд олимпийн мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баулд нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө “Чиндао-2019” Мастерс тэмцээний хүрэл медалийн төлөө учраа таарч байсан Израйлын Барух Шмайловыг 7:27 минутад өмсөх мэхээр вазари үнэлгээ авснаар шагналын тавцанд гарлаа. Энэ жингийн аваргын төлөө БНСУ-ын жүдочид өрсөлдөхөд Ан Баул торгуулиар ялжээ. Харин манай Ё.Басхүүтэй хамт Украйны домог Георгий Зантарая зогссон байна. Ё.Басхүүтэй хамт энэ жинд зодоглосон “Мастерс”-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн Аргентиний Таль Альмогийг 2:42 минутад торгуулиар ялсан ч 2019 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Ибрахим Алиевт 3:50 минутад хоёр вазари алдаж, цэвэр ялагдсан байна.   

1.         Ан Баул /БНСУ/

2.         Ким Лим-Хван /БНСУ/

3.         БАСХҮҮ ЁНДОНПЭРЭНЛЭЙ

3.         Георгий Зантарая /Украйн/

5.         Барух Шмайлов /Израйл/

5.         Богдан Ядов /Украйн/

7.         Альберто Гейтеро Мартин /Испани/

7.         Даниэль Перез Роман /Испани/

-57 кг:

Энэ жинд 51 буюу хамгийн эмэгтэй жүдоч оролцсон бөгөөд дэлхийн аварга, хошой мөнгөн медальт Цүкаса Ёшида, “Чиндао-2019” Мастерсийн аварга БНАСАУ-ын Ким Жин-А нараас бусад бүхий л шилдгүүд хуран чууллаа. Энэ удаад манай олимпийн мөнгө, дэлхийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин эхний тойрогтоо эзэн орны бөх ДАШТ-ий хүрэл медальт Халена Ресевүг 2:06 минутад цэвэр, хоёрдугаар тойрогтоо Доминиканы Ана Розаг 3:07 минутад даралтааар цэвэр ялсан бол өнгөрсөн оны ДАШТ-ий тавдугаар байрт Болгарын Ивелина Илиеваг вазари үнэлгээгээр ялж, шилдэг наймд шалгарлаа. Улмаар хэсгийн аваргын төлөө сүүлийн хоёр барилдаандаа ялаагүй Канадын Жессика Климкайтыг нэмэлт цагт торгуулиар яллаа.  Харин хагас шигшээд ДАШТ-ий гурван мөнгө, олимпийн хүрэл медальтай Португалын алдарт жүдоч Тельма Монтейротой хүч үзсэн. Португал бүсгүй манай тамирчний эсрэг хориотой мэх хийснээр хөөгдөх торгууль хүлээж, манай жүдоч аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Харин хөөгдөх торгууль хүлээсэн Т.Монтейро хүрэл медалийн төлөө барилдах боломжгүй болж, Японы Момо Тамаоки барилдалгүйгээр шагналын тавцанд гарлаа. Мөн энэ жингийн нөгөө хүрэл медалийг Косовогийн Нора Гжакова эзэн орны Сара Леон Сисикүг ялснаар хүртлээ. Харин аваргын төлөөх барилдаанд манай хөдөлмөрийн баатар 2019 оны дэлхийн аварга Криста Дегүчитэй учраа таарч вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэд өмнө нь хоёр удаа учраа таарахад бие биенээ тус бүр нэг нэг ялаад байсан юм. Дегүчи манай бөхийг 2014 онд Италийн Ромд болсон Европын нээлттэй тэмцээнд Японы нэрийн өмнөөс барилдаж байхдаа ялж байсан бол Д.Сумъяа 2017 онд Абу Дабигийн Гранд Сламд ялж байв.

1.         Криста Дегүчи /Канад/

2.         СУМЪЯА ДОРЖСҮРЭН

3.         Нора Гжакова /Косово/

3.         Момо Тамаоки /Япон/

5.         Сара Леон Сисикү /Франц/

5.         Тельма Монтейро /Португал/

7.         Жессика Климкайт /Канад/

7.         Тимна Нельсон Левай /Израйл/

-73 кг:

Парисын Гранд Сламын хамгийн олон оролцогчтой жинд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн онд аваргын төлөө Соичи Хашимототой аваргын төлөө өрсөлдөж байсан бол энэ удаад олимпийн хошой хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Масааши Эбинүмаг ялж, шагналын тавцанд зогслоо. Цогоо эхний тойрогт Конгогийн Стив Калезиг 1:42 минутад үүрэх мэхээр цэвэр, хоёрын даваандаа өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Бразилийн Майкл Марселиньог 3:07 минутад мөн үүрэх мэхээр, шилдэг наймд үлдхийн төлөө Польшийн Виктор  Мровзинскиг 1:15 минутад тохох мэхээр цэвэр ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Ташкентийн Гран Пригийн хошой аварга Узбекистаны Хикматиллох Тураевийг нэмэлт цагт вазаригаар ялж, их шөвөгт үлдсэн. Гэвч манай бөх хагас шигшээд Казахстаны Зансай Смагуловт 2:29 минутад ялагдсан юм.

Энэ жинд өрсөлдсөн  ДАШТ-ий хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Узбекистаны Гиёсжон Бобоевийг 3:47 минутад цэвэр ялсан ч гуравдугаар тойрогт ДАШТ-ий алт, мөнгөн медальт Соичи Хашимотод вазари үнэлгээгээр ялагдснаар тэмцээнээ дуусгажээ.

1.         Сойчи Хашимото /Япон/

2.         Зансай Смагулов /Казахстан/

3.         ЦОГТБААТАР ЦЭНД-ОЧИР

3.         Хикматиллох Тураев /Узбекистан/

5.         Белал Чилоглу /Турк/

5.         Масаши Эбинүма /Япон/

7.         Бехрузи Хожазода /Кыргызстан/

7.         Сомон Махмедбеков /Кыргызстан/