Г.Буяндорж нэр бүхий прокуроруудын авлигын хэргийг илчиллээ

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж шүүгч прокурор, мөрдөн байцаагч нарын авлигын хэргийн талаарх баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод гардуулан өглөө. Тэрбээр өнгөрсөн 9  жилийн турш 5 удаа 409 хоног хоригдож, 16 удаах шүүгдэж, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө дээрэмдүүлсэн гэнэ.

1996 оноос хойш бизнес эрхэлж ирсэн бөгөөд хуулийн байгууллагынхны аалзны торонд хэлхэгдэж, авлига, хээл хахуулийн сүлжээнээс үүдэлтэй охин компаниа алдсан талаараа онцлов. Өөрөөр хэлбэл, "Ноёд групп"-ийн охин  компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан.

Тэдгээр хүмүүс нь Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байсан П.Халиун, прокурор Ж.Сандагсүрэн, Ц.Батболд нар гэнэ. П.Халиун нь Г.Буяндоржоос 100 мянган ам.доллар нэхэж, хэргийг нь ашигтайгаар шийдэж өгнө гэж байжээ. Улмаар Г.Буяндорж прокурор П.Халиуны гэр бүлийн хүний өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан нь ч бий гэнэ.Тэрхүү гэрээнд 10 мянган ам.долларыг бэлнээр өгөх, 90 мянган ам.долларыг хэргийг ашигтайгаар шийдэгдсэний дараа өгөхөөр тусгагджээ. Гэвч энэ мөнгийг өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсний дараа Г.Буяндоржид 5 үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Улмаар 16 удаа шүүхээр шүүлгэж, эцэст нь гэм буруугүй нь нотлогдсон. Дээрх гурван нэр бүхий прокуророос гадна 20 гаруй хүн бий гэнэ. Прокуророос гадна мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид гээд сүлжээ маягаар ажилладгийг тэрбээр хэллээ. Тэдгээр хүмүүсийн нэр албан тушаал, гэм үйлдлийн талаар баримтжуулсан 65 хуудас бүхий нотлох баримтыг З.Энхболдод өгсөн.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Өмнөх Ерөнхийлөгч нь хонгиол үүсгээд, шүүгч, прокурор нь мини хонгил үүсгэж байгаа бол нэн даруй яаралтай арга хэмжээ авна. Хувийн хэвшлүүдээс авлига нэхдэг хуулийн салбарынхан одоо ажлаа өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч энэ хэрэг дээр шуурхай арга хэмжээ авч ажиллана. Манай хуулийн хэлтэс өргөдлийг судалж, холбогдох газруудад нь шилжүүлнэ. Удахгүй Салхитын мөнгөний ордын шүүх хурал удахгүй товлогдоно. Тэгэхээр тэр хонгил хэрхэн явагдсаныг нийтээрээ харж болно" гэлээ. Хуулийн хэлтэс судлаад, холбогдох байгууллагад шилжүүлнэ.

buzznews.mn