Коронавирусийн халдвар тархалтын байдал нэмэгдэж, шинээр дөрвөн улсад бүртгэгджээ. ОХУ, Швед, Испани, Англид тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэргэжилтэн "Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна" хэмээлээ.
БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн байна. БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нөхцөл байдлаа эмнэлгийн байгууллагад хандсан нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ болсон гэнэ.
Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг мөн энэ үеэр онцолж байв.
Өнөөдрийн 10 цагийн байдлаар 17409 тохиолдол бүртгэгдсэнээс 361 хүн нас барж, 471 хүн эдгэрээд байна. Ухань хотоо ирсэн оюутнуудыг тусгаарлан шинжилгээ авсан бөгөөд сөрөг хариу гарчээ.
Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хавьталт хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан. Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд хариу сөрөг гарсан байна.Одоогоор Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй" гэдгийг хэллээ.