Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УЕП-оос гаргасан хүсэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, хүлээж авсан. Улмаар УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэн нээлттэй санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүнээс чөлөөлөх бус харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдаан ирц нь хүрэхгүй удтал байсны эцэст бүрдсэн. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга горимын санал гаргасан юм. Тэрбээр "Дэгийн хуулиараа дараагийнхаа асуудлыг хэлэлцээд явах нь зөв байх.  Тиймээс  УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар  горимын санал гаргаж байна" хэмээсэн юм. Түүний гаргасан саналыг 75 хувь нь дэмжсэн. 

Түүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Санал хураалтын дүнг баталгаажуулах хурлыг хаалттай хийх шаардлагагүй. Хаалттай хэлэлцсэнээс чинь болоод өнөөдрийн будилаан үүссэн.  Санал хураалтаа нээлттэй явуулаад ард түмэндээ харуулчих" гэсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар "Би зарчмын хувьд дэмжиж байна. Нээлттэй санал хураалт явуулах ёстой" гээд нээлттэй санал хураалт явуулах горимын саналаар саналт хураалт явуулж, 38 гишүүн оролцож, 29 нь дэмжсэнээр нээлттэй санал хураахаар болсон.  

Улмаар  Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн тогтоолын төслийг батлах эсэхээр санал хурааж, 42 гишүүн оролцсоноос 37 нь зөвшөөрч, 88.1 хувийн саналаар санал дэмжлээ. Ингэснээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр боллоо. Тогтоол батлагдсан өдрөөс дагаж мөрдөх бөгөөд хэрэв шалгалтын явцад Н.Номтойбаяр гишүүн гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сэргээлгэх боломжтой юм.