УОК: Цагаан сарын бөхийн барилдааныг цуцаллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн золголт, аймаг нутгаараа золголт хийдгийг цуцлах саналыг гарган Улсын Онцгой комисс /УОК/-т хүргүүлсэн. Тэгвэл УОК хуралдаж шийдвэрээ гаргажээ. Энэ тухай УОК-оос мэдээлэл хийсэн.

Мэдээллийн эхэнд "Манай улсад одоогоор коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ урьдчилан сэргийлэхийн тулд цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, бүх шатны төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх шийдвэр гарч байна. Мөн цагаан сарын бөхийн барилдаан, олныг хамарсан уралдаан тэмцээн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг гаргалаа" гэсэн. Мөн Ерөнхий сайд төрийн золголтыг хориглох саналыг УОК-т хүргүүлсэн ч дэмжээгүй гэсэн.

УОК-ын орлогч дарга, БХ-ын сайд Н.Энхболд: Засгийн газрын 30 дугаар газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталсан. Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж байгаа ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар болсон. Мөн голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа  гэр лүү нь явуулах боломжийг судална. Санхүүжилтийг бид Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Монгол иргэдийн тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлээд явж байгаа. БНХАУ зөвшөөрөл өгсөн даруйд авчирна. Бүх зардлыг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр шинэ коронавирусийн халдвар гарсан талаар мэдээллийг ДЭМБ-аас ирсэн дагуу шуурхай арга хэмжээг авч эхэлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7711, нийт 18 оронд коронавирусийн халдвар оношлогдсоноос 128 хүн эдгэрсэн. Монгол Улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Халдвараас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй.Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Халуурсан, толгой эргэсэн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа. Монгол Улс нэг маскны үйлдвэртэй бөгөөд энэ үйлдвэр нь Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байна. Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийнхэн маск хийж байгаа. ДЭМБ-аас бидэнд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган иргэнийг хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн.