Урлагийн түүхэн бүтээл рүү ХАДААС ЗООЖЭЭ

Олныг хамарсан аливаа үйл ажиллагаа явуулахыг орон даяар хориглоод байхад Төрийн ордонд үндэсний үйлдвэрлэгчдийн хурал зохион байгуулж, бараа, бүтээгдэхүүн худалдсанд олон нийт ихэд дургүйцсэн. “Төрийн ордныг хар зах болголоо” гэсэн шүүмжлэл бишгүй байсны зэрэгцээ бас нэгэн зохисгүй үйлдэл анхаарал татсан юм. Ноос, ноолууран бүтээгдэхүүн борлуулагчид зааж өгсөн талбайд нь авч орсон бараагаа дэлгэхдээ зурагт харуулсанчлан Монголд цөөн байдаг, гобелен урлалын түүхэн бүтээлд хадаас зоож, хувцас өлгөжээ.

Ер нь худалдагчид ямар бүтээлийн өмнө байрласнаа, юу руу хадаас зоож байгаагаа ойлгоогүй байх. Зүй нь бол зохион байгуулагчид нь мэдэж байсан бол тэднийг ядаж хананд буй зурагт, өөрөөр хэлбэл, урлагийн үнэтэй бүтээлд хүрч болохгүй, наана нь болгоомжтой ажиллаарай гэх байж л дээ. Гэтэл хэн хүнгүй юм мэдэхгүй, урлаг ойлгохгүй. Цагаан сарын бэлгийн бараа борлуулж л байвал бусад нь огт хамаагүй мэт ханджээ.

Төрийн ордны гол үзмэрүүдийн нэг “Эх орон” хэмээх, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн чухлыг сурталчилсан агуулга бүхий, 20 метр урттай уг бүтээлийг 1986 онд улсын захиалгаар 10 гаруй гобелен урлаач гүйцэтгэж, хугацаанд нь нэр төртэйгөөр хүлээлгэж өгсөн түүхтэй аж. Тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуулийг энэ мэргэжлээр 1976 онд төгссөн, уг бүтээлийг хамтран урласан Д.Ариунгэрэлтэй холбогдож мэдээлэл авахад “Бид улсын захиалгаар энэ мэт бүтээлүүд хийсэндээ бахархаж, тэгээд ч Төрийн ордон, ГХЯ, “Улаанбаатар”, “Чингис” зочид буудал зэрэг нэр хүндтэй байгууллагад хадгалж, олны хүртээл болгож байдагт сэтгэл ихэд өөдрөг явдаг юм. Цоо хатгаад хувцасны өлгүүр тогтоосон байхыг харахад дотор муухай болж байна” гэлээ.

Социализмын үед Дүрслэх урлагийн дунд сургууль бодлогоор чиглэл, төрөл бүрээр мэргэжилтэн бэлтгэж, тэд бүтээл туурвил төрүүлж байсны гэрч нь өнөө урлагийн бүтээлд дурлагсдын сэтгэлийн галыг бадраадаг энэ мэт бүтээлүүд юм. Гобелен нь ханын, чимэглэх урлагийн төрөл. Уран бүтээлч нь эскиз зургийн дагуу тусгай хүрээ бэлдэж, бүтээх зургаа ард нь байрлуулж, хийх хэмжээгээр томруулж “харан”, өнгө гаргахаар сонгосон утаснуудыг хуруугаар татаж, хүссэн хэсэгтээ байршуулах замаар бүтээдэг, эцсийн дүнд зурган даавуу, хивс гэхээр материал бий болгодог урлаг. Ийм ховор, өндөр ур чадвар шаарддаг бүтээл рүү Төрийн ордонд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагчид хээвнэг хадаас зоож суужээ. Үүнийг харсан нэгэн залуу “Бидний адгууслаг хандлага хэрээс хэтэрлээ. Эдийн засаг, эдийн засаг гэж, өмсөж зүүх, идэж уухаа л болговол боллоо гэсэн сэтгэхүйн доройтол биднийг энэ түвшинд аваачлаа. Өмсдөг нь улам л тансаг, иддэг нь илүү, үздэг хардаг нь дэлхийн дайд болсон ч, бусдын бүтээлийг хайрлах ухаан бүү хэл, өөрийгөө хүндэтгэх хүн чанараа гээсээр байна. Үүнийг адгууслаг гэхээс өөр юу гэх вэ” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 Сэтгүүлч Р.ОЮУНЖАРГАЛ

Гэрэл зургийг фото сурвалжлагч  Г.АРГУУЖИН