Урд хөршид шинэ коронавирус гарч дэлхийд хэдэн улсад тархаад байгаатай холбоотойгоор Монгол Улсан Засгийн газраас сургууль, цэцэрлэгийг түр зогсоох шийдвэр гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гуравдугаар сарын 2-ныг хүртэл тодорхой ажил зохион байгуулах төлөвлөгөө гаргасан. Юуны өмнө цэцэрлэг, ЕБС-ын хүүхдүүдийн зуны амралт хугацаандаа дуусгавар болно. Мөн гуравдугаар улирлын амралт хоёр долоо хоног байсныг нэг долоо хоног болгож, ЕБС-ын гурав, дөрөвдүгээр улирлын зарим өдөр зургаан өдөр хичээллэнэ. Цэцэрлэгийн хувьд таван өдрөөрөө ажиллаад явна. Энэ хугацаанд 18 телевизээр хичээл заана. Ингэхдээ 1-12 дугаар ангийн хичээлийг 12 өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр цацах бол бусад телевизүүд давтан гаргана. Мөн телевизүүд онлайн хичээлүүдийг ухрааж үзэх боломжоор хангаж байна.
Сургуулийг тодорхой хугацаанд хааснаар ерөнхий боловсролын сургуулиудад 20 гаруй хоногийн хоцрогдол үүснэ. Хорио цуцлагдсанаас хойш буюу гуравдугаар сарын 2-ноос хойш сарын хугацаанд зургаан өдөр хичээллэх, амралтыг нь цуцалж, хичээллэхээр төлөвлсөн. Багш нарын хувьд амралт биш хөл хорио тогтоосон учраас байгаа газраасаа суралцагчидтай холбогдож, харилцах боломжтой сувгуудаар харилцах үүрэг өгч байна. Хорио цээрийн хугацаанд багш нарын цалинг нэмэгдэл урамшуулалтай, бүтнээр олгох бөгөөд харин илүү цагийн мөнгө олгохгүй. Хуулиар онцгой нөхцөл үүссэн үед цалинг нь олгох ёстой юм. Мөн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгоно" гэсэн юм.
Мөн тэрбээр хөл хорио тогтоосон учраас спорт, урлагийн ямар ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээл, сурлагад анхаарахаас гадуур, олон нийтийн газраар авч явж болохгүй гэдгийг онцгой анхаарах ёстой гэж байв.
Ташрамд мэдээлэхэд нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байгаа аж. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барих юм байна.