Ц.Нямдорж: Н.Номтойбаяртай холбоотой асуудал энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга, Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой  сэтгүүлчдийн асуултанд товч тайлбар өгсөн. Тэрбээр “Н.Номтойбаяр хүсэлт ирүүлсэн. Энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ. Та нар битгий сандраад гүйгээд бай. Хойшлогдох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны талаар мэдээлэлгүй байна. Одоо байгаа дөрвөн гишүүн дөрөв, дөрвөөрөө тэнцвэл шийдвэр гаргаж чадахгүй. Н.Номтойбаяр гишүүнийг хуралд оруулах боломжгүй. УЕП-оос "нууц" гэж оруулж ирсэн. Мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж байна шүү дээ. Халдашгүй байдлын хорооны шийдвэрийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн заалттай. Прокурорын оруулж ирсэн бичигт Н.Номтойбаярыг сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай, нөгөөх нь ордонд болсон Г.Батхүү агсны асуудалтай холбоотойгоор, гурав дахь нь хэвлэлээр баахан зүйл ярьчихсан шүү дээ. Ингээд гурван асуудал л байна билээ. Хэрэг гэх юм уу, Юу гэх юм бэ” гэлээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар Австралийн казинод орсон талаар "Казино орсон гээд байгаа хүмүүсээс өөрсдөөс нь асуугаач. Казино чинь ороод, гардаг л газар шүү дээ" гэсэн юм.