Д.ТОГТОХСҮРЭН: Казиногийн үйл ажиллагаа ямар байдаг юм гээд танилцахаар орсон

Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган Австрали Улсын нийслэл Канберра хотноо болсон. Тус чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүд явсан. Гэвч энэ үеэр УИХ дахь МАН-ыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийг казинод тоглосон гэх мэдээлэл гарсан.

Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Эндээс явахад л тийм хөтөлбөр байсан. Энэ хүрээнд худалдааны гудамжуудтай танилцсан. Тэнд "The Star Sydney" гэдэг төв байдаг юм билээ. Энэ төвд бид Элчин сайдтай хамт очиж танилцсан. Төвийн нэг хэсэг нь казино байсан. Казиногийн үйл ажиллагаа ямар байдаг юм гээд танилцахаар орсон. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан бид гурав Элчин сайдын хамт орсон. Тэр үеэр зураг авсан байна билээ.  Энэ парламентаар Казиногийн хуулийг ярина гээд төлөвлөж байгаа. Үүнийгээ бодсон ч гэсэн танилцаж үзэхээр ярилцсан. Ямар газар байдаг юм, хууль хэлэлцэхэд ойлголттой болбол яасан юм гээд  орсон. Үзсэн, сонирхсон, гараад явсан.  Болсон процесс ердөө л энэ. Бидэнд хэн нэгнээс нуугаад байх юмгүй. Тиймдээ ч Элчин сайдтайгаа хамт орсон. Тэнд суугаа Элчин сайдтайгаа, сөрөг хүчнийхээ бүлгийн даргатай, олон жил парламентад суусан ахмад гишүүнтэйгээ хамт казино тоглоод сууж байх уу. Бие биедээ хяналт тавиад л явж байгаа шүү дээ. Цагийн хувьд 22:00 цаг өнгөрч л байсан болов уу. Би гарсан зургийг харсан. Бооцоо тавиагүй, тоглоогүй. Манай Элчин сайд казиногийн ажилтантай яриад, юм асууж байсан зураг л байсан. Казино тоглоогүй, үзэж сонирхсон гээд хариуцлага тооцно гэвэл би бэлэн байна" хэмээлээ.  

Д.ЭРДЭНЭБАТ: Бид мөрийтэй тоглоогүй. Мөрийтэй тоглох шалтгаан байхгүй

Мөн энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнбат мөн мэдээлэл өгсөн. Тэрбээр “Казиногийн асуудлаар шуугиад байх шиг байна. Тайлбар өгөх хэрэгтэй гэж бодлоо. Бид казиногоор ороод гарсан. Харийн оронд бид нэг л монголчууд. Аль нэг намын гэх ялгаа байдаггүй. Казиногоор ороод гарснаа үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй. Энэ шуугианыг далимдуулан улс төржүүлээд, доромжлоод, нэр хүндийг нь унагаах ёсгүй гэж бодож байна. Тэнд бид мөрийтэй тоглоогүй. Мөрийтэй тоглох шалтгаан байхгүй. Чиний зураг мөн үү биш үү гэж олон хүн асууж байна билээ. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан хүн би мөн. Бид дөрвүүлээ орсон. Цаг орой болж байсан. Бид казино тоглох мөнгөтэй хүмүүс биш. Харин өөрийгөө өмөөрөх шалтгаан надад алга" гэсэн юм.