Б.Пүрэвдорж: Квот нэрийн дор дотоодын махны компаниудыг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийх болсон үндэслэлээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг  өргөн барьж байгаатай холбоотой гээд үүнийгээ гурван үндэслэлээр тайлбарласан. Үүнд нэгдүгээрт, Ч.Улаан сайд малчдын малын үнийг унагааж,  орлогыг нь  багасгасан. Хоёрдугаарт Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж дампууруулах хэмжээнд хүргэсэн. Гуравдугаарт,  БНХАУ-ын махны үйлдвэрийн  эздийг дэмжсэн бодлого явуулж байна  гэсэн юм.

Тэрбээр цааш нь “Өнгөрсөн оны есдүгээр сард махны үнэ хангалттай өссөн.  Тухайлбал, төлөг  100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянгад хүрсэн. Гэтэл өнөөдөр тус бүрийн үнэ 20-30 мянган төгрөгөөр буурлаа. Бод малын үнэ нэгж тус бүртээ 200 мянган төгрөгөөр буурсан. Махны үнэ ингэж унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ-руу мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан  10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө бид нар авлига өгч мах экспортлох квот авсан учраас нэг кг адууны мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг нь экспортолно гэдэг шаардлагыг тавьдаг.  Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц  кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд буцаагаад ямар замаар мөнгөө олж авдаг вэ гэхээр нэгдүгээрт, өөрсдийн ашгаа бууруулж  хоёрдугаарт, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна. Мөн өнгөрсөн хугацаанд нэг хонь, ямаа борлуулсан  малчин 20 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс Монголын малчид зарсан мал бүрийг бог тутамд 20 мянга, бод тутамд 200 мянган төгрөгөөр  тооцвол хэдэн зуу, мянган төгрөг Ч.Улааны халаасанд төлснөө гаргах боломжтой. Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятад. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах гаргах зөвшөөрөл аваад квотоо зарж байна. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн  сайд нар хэзээ ч хийж байгаагүй. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалд айна. Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчдын нэрийн өмнөөс  хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн юм.