Шинэ оны өмнөхөн Хөххот Бээжингийн хооронд "G2410 тоот "Сэргэн мандалт" хурдны галт тэрэг албан ёсоор замын хөдөлгөөнд орсон. Ингэснээр Хөх хот Бээжин хоорондын замыг 2 цаг 9 минутад туулдаг болсон тухай хэвлэлүүд онцолж байсан.
Тэгвэл дэлхийн хамгийн өндөр хурдны, жолоочгүй галт тэрэг Хятадын нийслэл Бээжин-Жанжякоу хотын хооронд өндөр хурдны төмөр замаар зорчиж эхэлсэн тухай дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж эхэллээ. Тус галт тэрэг цагт дээд тал нь 350 км хурдалдаг бөгөөд 2022 оны өвлийн олимп болох Бээжин, Жанжякоу хотуудыг холбох үндсэн зорилготой аж. Энэ хоёр хот 175 километрийн зайтай ба энэ замыг газраар туулахад гурван цаг зарцуулдаг байсан бол одоо 45 минут зарцуулах аж.
Түүнчлэн хэдийгээр тус галт тэрэг автомат жолоодлоготой ч онцгой үед жолоодлогыг гартаа авах хяналтын ажилтан галт тэргэнд явах аж. Суудал бүрт 5G технологитой, хуруугаар удирдах дэлгэц байрлуулснаас гадна галт тэргэнд суухдаа царай таних технологиор нэвтрэх гэнэ. Мөн өвлийн олимпийн наадмын техник хэрэгсэл ачих ачааны хэсэгтэй юм байна.
Эх сурвалж: The Guardian