ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД ТОДОРЧ, ЕСӨН ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-6-нд Спортын төв ордонд боллоо. Тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, “Арслан”, Баянхонгор, “Женко”, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС, Налайх, “Приус” төв, “Сүлд”, Сонгинохайрхан дүүрэг, “Төгс”, УСУГ, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангай хайрхан уул”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хасу-Хэнтий”, “Хилчин”, “Хүч”, “Цастын барс”, “Эрч” гэсэн 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Г.МАНДАХНАРАН ЕС ДЭХЭЭ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ ХОЁР ЖИНД ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тойм мэдээлэлийг хүргэе. Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Гал гарсан олон сонирхолтой барилдаан гарсан бөгөөд 74 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ урамтай сайхан барилдаж хоёр жил дараалан шигшээд шалгарлаа. Тэрбээр1/8 шигшээд ОУХМ Б.Бямбадоржийг, шөвгийн наймд гавьяат тамирчин П.Өнөрбатыг 8:8-аар, хагас шигшээд Баянхонгорын Э.Бямбадоржийг 6:4-өөр ялснаар өнгөрсөн жилийн УАШТ-ий финалд ялагдсан З.Сумъяабазартай даагаа нэхэхээр болсон. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа хагас шигшээд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяаг 14:7-гоор маргааш алтан медалийн төлөө ОУХМ Г.Отгонжаргалтай барилдана. 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа том сенсаац тарих дөхлөө. Тэрбээр гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1-ээр, ОУХМ Э.Даваанасанг цэвэр ялж хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 3:5-аар илүүрхэж яваад цэвэр даруулсан.
Түүнчлэн тэмцээний хоёр дахь өдрийн орой эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 59 кг гэсэн медалийн төлөөх барилдаан болсон бөгөөд дээрх долоон жингийн тойм мэдээллийг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 57 кг (32 бөх): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Эрч) 2. Батжаргалын Төгс (Төгс) 3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар), Пүрвээгийн Дашцэрэн (Хасу-Мегастарс)

“Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга шигшээ барилдаанд нэг багшийн шавь спортын мастер Б.Төгсийг ялснаар гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Шиань хотод болох олимпийн эрх олгох тэмцээнд хүч үзэхээр боллоо. Т.Түвшинтулга өчигдөр хагас шигшээд гол өрсөлдөгч ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаярыг 4:4-өөр ялж аваргалах замаа зассан юм. Манай улсаас насанд хүрэгчдийн ДАШТ-ээс сонгомол бөхийн төрлөөр анхны түүхэн ялалтыг авсан “Алдар”-ын М.Даваабанди, “Хасу-Мегастарс”-ын залуу тамирчин П.Дашцэрэн нар улсын аваргаас анхны хүрэл медалиа зүүв. Бэхээ гавьяат эмчийн магадлалгаагаар медалийн төлөөх барилдаанд барилдаагүй. Чөлөөт бөхийн хүрээнийхэнд “Алтайн барс”-ын Чука хэмээгддэг спортын мастер Паламын Чулуунбаатарын унаган гурван шавь нь алт, мөнгө, хүрэл медаль хүртэж багшийгаа баярлууллаа.
Хөнгөн жингийн шилдгүүдийн нэг 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ З.Занабазар 1/4 шигшээд М.Даваабандид 5:5-аар ялагдсан бол залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Насанбуян эхний даваанд З.Занабазарт оноогоор цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.

65 кг (27): 1. Ганзоригийн Мандахнаран 2. Сармандахын Билгүүн 3. Батчулууны Батмагнай (бүгд Алдар), Баттулгын Нямдорж (Төгс)
Дөрвөн жилийн дараа 65 кг-ын жинд зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээ барилдаанд С.Билгүүнийг 13:4-өөр туршлага заан ялж Монгол Улсын аваргаас ес дэх түрүүгээ хүртэв. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн нөхөр спортын мастер С.Билгүүн насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа зүүсэн бол хашир туршлагатай ОУХМ Б.Нямдорж ОУХМ Т.Тулгыг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай “Хангарьд”-ын Ц.Цогхүүг тус бүр 5:3-аар ялж хүрэл медалийн тавцанд зогслоо. Энэ жинд цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа 1/8 шигшээд бэлтгэл сургуулилтаа хамт базаадаг Б.Батмагнайд 2:2-оор, Азийн АШТ-ий хүрэл медальт хашир туршлагатай ОУХМ Б.Нэмэхбаяр 1/8 шигшээд ОУХМ Б.Нямдоржид цэвэр ялагдсан.
“Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир нарын энэ жингийн шилдгүүд энэ жилийн УАШТ-ийг өнжив.
 

70 кг (29): 1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 2. Гансүхийн Бэгзжав (Эрч) 3. Ганхуягийн Ханбүргэд (Алдар), Зүүнбаянгийн Мөнхтулга (Женко)
Гавьяат тамирчин Г.Мандахнаран доод жиндээ зодоглосон тул 70 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэнг түрүүлнэ хэмээн олон хүн үзэж байв. Энэ ч ёсоор болж сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг (2018 онд хүрэл, 2019 онд мөнгө, 2020 онд алт) хувиргаж анх удаа улсын аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд 2017 оны УАШТ-ий хүрэл медальт Г.Бэгзжавыг оноогоор цэвэр яллаа. Хүрэл медалийг “Алдар” спорт хорооны Г.Ханбүргэд, 1990-ээд онд Монголын чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдэг бөхчүүдийн нэг ОУХМ Т.Зүүнбаянгийн хүү “Женко”-гийн З.Мөнхтулга нар хүртсэн. Сонгомол бөхийн 23 хүртэлх насны Азийн аваргын мөнгөн медальт Г.Ханбүргэд гурав дахь медалиа хүртсэн бол З.Мөнхтулга аавынхаа төрсөн ах, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор улсын аваргаас анхны медалиа зүүлээ.
 

86 кг (14): 1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Нармандахын Шинэтөр (МУБИС) 3. Ганбаатарын Ганхуяг (МУБИС), Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
“Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн долоо дахь удаагаа Монгол Улсын аварга болсноор гурав дахь олимпийн дайралтаа хийхээр боллоо. Энэ жинд залуу тамирчин МУБИС-ийн Шинэтөр, хүрэл медалийг ОУХМ Г.Ганхуяг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Оргилох нар хүртэв. Н.Шинэтөр, Д.Оргилох нар улсын аваргаас анхны медаль хүртэв. Үйтээ өчигдөр хагас шигшээд гол өрсөлдөгч 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуягийг 6:1-ээр ялсан.
 

Эмэгтэйчүүдийн 50 кг (19): 1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар) 3. Нандинцэцэгийн Анударь (Хилчин), Долгоржавын Отгонжаргал (Женко)
23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг сүүлийн жилийн хугацаанд дотооддоо “босоо” гэдгээ харуулж бүх өрсөлдөгчөө онооны илт давуугаар ялж гурав дахь удаагаа (өмнө нь 2016, 2019 онд түрүүлсэн) улсын аварга боллоо. Тэрбээр “Алдар”-ын Б.Мөнхнарыг 8:1-ээр ялсан. Хүрэл медалийг 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн дэд аварга “Хилчин”-ий Н.Анударь, 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт “Женко”-гийн Д.Отгонжаргал нар хүртсэн. Энэ жинд улсын аваргаар дөрвөнтээ тодорсон ОУХМ Э.Нарангэрэл ээж болоод удаагүй бөгөөд дэвжээндээ гарч 1/4 шигшээд Н.Анударьт оноогоор цэвэр ялагдав.
 

55 кг (14): 1. Мөнхболдын Дөлгөөн (Налайх) 2. Бүүвэйбаатарын Хатантуул (Хүч) 3. Батхуягийн Хулан (Аврагч), Баянмөнхийн Отгонтуяа (Алдар)
“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа доод жиндээ хүч үзэх болсноор энэ жинд шинэ аварга төрөх нь тодорхой болсон. Энэхүү боломжийг өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Дөлгөөн ашиглаж анх удаагаа улсын аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд УАШТ-ий мөнгө, хүрэл медальт “Хүч” спорт хорооны тамирчин Б.Хатантуулыг 5:3-аар ялсан. Хүрэл медалийг “Аврагч”-ийн Б.Хулан, “Алдар”-ын Б.Отгонтуяа нар зүүлээ. Өнгөрсөн жилийн 53 кг-ын жингийн улсын аварга Баянхонгор аймгийн тамирчин М.Пүрэвтунгалаг эхний даваанд Б.Хуланд цэвэр ялагдсан.
 

59 кг (13): 1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 2. Наранцацралын Энхтуяа (Аврагч) 3. Дашнямын Энхжаргал (Алдартан), Тогтохбаатарын Цэнд-Аюуш (Эрч)
Энэ жинг сүүлийн хэдэн жил өмчлөөд байсан, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор “Токио-2020” олимпийн эрхийн төлөө жин өгсч 62 кг-д барилдахаар болсон. Энэ жинд үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа ОУХМ Э.Даваачимэг дүү нартаа туршлага заасаар улсын аваргаар тав дахь удаагаа тодров. “Аврагч” спорт хорооны тамирчин спортын мастер Н.Энхтуяа хоёр жил дараалан үзүүрлэсэн бол хүрэл медалийг “Эрч”-ийн Т.Цэнд-Аюуш, “Алдартан”-ы Д.Энхжаргал нар хүртэв. 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ П.Отгонбаяр хагас шигшээд Э.Даваачимэгт 2:8-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Д.Энхжаргалд 5:8-аар ялагдснаар медальгүй хоцорсон.

С.БАТЦЭЦЭГ “ТОКИО-2020” ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ ЭРХЭЭ БАТАЛГААЖУУЛАВ

Гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг-ын жингийн медалийн төлөөх, сонирхолтой барилдаанууд боллоо. Гурав дахь өдрийн медалийн төлөөх долоон жингийн тойм мэдээллийг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 61 кг (23 бөх): 1. Цэрмаагийн Чинзориг (Хангарьд) 2. Намсрайн Ганбаяр (Женко) 3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс), Баярсайханы Алтангэрэл (Хангай хайрхан уул)
23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, спортын мастер Ц.Чинзориг хоёр жилийн өмнө нь Орхон аймагт хүртэж байсан мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж анх удаагаа Монгол Улсын аваргаар тодорлоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Женко” клубийн Н.Ганбаярыг ялсан. Тэгвэл “Хасу-Мегастарс” клубийн 19 настай тамирчин Э.Төгсжаргал, “Хангай хайрхан уул” дэвжээний тамирчин Б.Алтангэрэл нар хүртэв. Э.Төгсжаргал УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, нэг дэвжээний Б.Түмэнцогтыг 3:2-оор, Б.Алтангэрэл Баянхонгор аймгийн тамирчин П.Мөнх-Эрдэнийг 10:8-аар тус тус ялж улсын аваргаас анхны медалиа зүүсэн.
 

74 кг (16): 1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар), Мэндбилэгийн Тэмүүжин (МУБИС)
Өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ З.Сумъяабазар улсын хошой аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бат-Эрдэнийг 2:1-ээр ялж аваргаа хамгааллаа. Тэрбээр гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох Азийн олимпийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Хүрэл медалийг 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бямбадорж,, МУБИС-ийн 19 настай залуу тамирчин М.Тэмүүжин нар хүртсэн. Сонирхуулахад, тэд өнгөрсөн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд яг энэ дарааллаар медалийн тавцанд зогсч байв. “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат өчигдөр шөвгийн наймд Б.Бат-Эрдэнэд 8:8-аар ялагдсан бөгөөд өнөөдөр бэртлийн улмаас дэвжээнд гараагүй.
 

79 кг (22): 1. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс) 2. Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ (Аврагч) 3. Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул), Ган-Очирын Даянбилэг (Алдар)
Сүүлийн гурван жил энэ жинд хэнд ч тахимаа өгөөгүй, Монгол Улсын найман удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж залуучуудад боломж олгож УАШТ-ийг өнжсөн. Тэгвэл үүнийг “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Батзул ашиглаж шигшээ барилдаанд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хүрэл медальт, “Аврагч”-ийн Д.Төгс-Эрдэнийг оноогоор цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо. Харин өнгөрсөн жилийн УАШТ-ий хүрэл медальт “Хангай хайрхан уул” дэвжээний А.Бат-Эрдэнэ амжилтаа бататгасан бол “Алдар”-ын Г.Даянбилэг анхны хүрэл медалиа хүртэв.
 

53 кг (8): 1. Бат-Очирын Болортуяа (Женко) 2. Ганбаатарын Отгонжаргал (Алдар) 3. Амгаланбаатарын Наранцацрал (Эрч), Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
Дэлхийн дэд аварга ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Энхцэцэг гээд хэн хэнийгээ ялж мэдэх дөрвөн тэнцүү өрсөлдөгч энэ жинд хүч үзсэн юм. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа хагас шигшээд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяаг 14:7-гоор алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ Г.Отгонжаргалд 0:6-гаар ялагдаж яваад цэвэр ялж хоёр жил дараалан улсын аварга болсноос гадна Токиогийн олимпийн наадмын эрхийн тэмцээнд оролцохоор боллоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд хашир туршлагатай ОУХМ Э.Сумъяа “Хангарьд”-ын Ц.Халиуныг, “Эрч”-ийн А.Наранцацрал ОУХМ Б.Энхцэцэгийг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо.
 

57 кг (7): 1. Болдсайханы Хонгорзул (Женко, Баянхонгор) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 3. Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)
Өнгөрсөн жилийн улсын аварга ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хоёр ч жин алгасан 62 кг-д барилдахаар болсон. Гол өрсөлдөгч нь жин өгссөнөөр 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэгдэж байв. Гэсэн тэрбээр шигшээ барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга “Женко” клуб, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзулд 2:8-аар ялагдлаа. Ийнхүү Б.Хонгорзул 18 настайдаа (ирэх наймдугаар сард 19 нас хүрнэ) насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, олимпийн эрх олгох Азийн тивийнхний тэмцээнд оролцохоор боллоо. Энэ жинд “Эрч” клубийн тамирчин ОУХМ П.Шинэхүү дэвжээний дүү, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 8:6-гаар ялснаар хүрэл медалийн эзэн болов.
 

65 кг (11): 1. Зоригтын Болортунгалаг (Хилчин) 2. Баяраагийн Майцэцэг (Алдар) 3. Отгонбатын Оюунтуяа (Цастын барс), Баасанхүүгийн Дэлгэрцэцэг (Аврагч)
Азийн АШТ-ий хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг түрүүлэв. Түүний хувьд улсын аваргаас өмнө нь хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү анх удаагаа улсын аварга болов. Тэрбээр шигшээ барилдаанд “Алдар”-ын залуу тамирчин Б.Майцэцэгийг цэвэр ялсан. Энэ жинд хүрэл медалийг 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ О.Оюунтуяа, өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт “Аврагч”-ийн 18 настай тамирчин Б.Дэлгэрцэцэг хүртэв.
68 кг (5): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 3. Очирбатын Насанбурмаа (Женко)
Энэ жинд таван бөх тойргоор барилдснаас “Токио-2020” олимпийн наадамд эрхийг авчираад буй хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг өнөөдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт гавьяат тамирчин О.Насанбурмааг цэвэр ялснаар Монгол Улсын аваргаар найм дахь удаагаа тодорсноос гадна “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулав. Улсын аваргын өмнө багш, дасгалжуулагчид удтал хэлэлцэж, “Нур-Султан-2019” ДАШТ-ээс олимпийн эрх авсан тамирчин хэрэв улсын аваргад түрүүлбэл олимпийн наадамд шууд оролцуулна гэсэн шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн найман медальтай манай хоёр шилдэг бөхийн барилдаан тун сонирхолтой өрнөж О.Насанбурмаа гавьяат 9:0-ээр хошуучилж байсан ч С.Батцэцэг шийдсэн давуулж шидэх мэхээ даацтай хийж цэвэр ялсан. Энэ жинд мөнгөн медалийг ОУХМ Э.Дэлгэрмаа хүртэв. Тэрбээр өчигдөр гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1-ээр, ОУХМ “Алдар”-ын Э.Даваанасанг цэвэр ялж хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 3:5-аар илүүрхэж яваад цэвэр даруулсан билээ.

ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД ТОДОРЧ, ЕСӨН ШИНЭ АВАРГА ТӨРӨВ

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа ес, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найм, ОУХМ О.Үйтүмэн долоо, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваачимэг тав, ОУХМ Т.Түвшинтулга дөрөв, Ц.Намуунцэцэг гурав, Э.Цэвэгмид, З.Сумъяабазар, Б.Болортуяа хоёр, Ц.Чинзориг, Э.Тэмүүлэн, Д.Батзул, М.Цогтгэрэл, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл, Б.Дөлгөөн, Б.Хонгорзул, З.Болортунгалаг нар анх удаагаа улсын аварга хэмээх алдрыг хүртэв. Энэ удаагийн Улсын тэмцээнд есөн шинэ аварга төрсөн бөгөөд З.Болортунгалагаас бусад нь 18-23 насны бөхчүүд байсан нь Монголын чөлөөт бөхийн шинэ үе хүч түрэн орж ирж буйг тод томруун харууллаа. Олимпийн жингийн улсын аварга тамирчид гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох “Токио-2020” зуны олимпийн наадмын Азийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 135 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегаватт” компанийн “Хасу-Мегастарс” клуб 126 удаалж, спортын мастер Г.Цэрэнпунцаг дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо 99 оноогоор гутгаар байрыг эзлэв. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 159, ОУХМ Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 144, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 139 оноогоор эхний гурван байрт орлоо.
Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 72, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдааны мэдээллийг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 92 кг (15): 1. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд) 2. Доржготовын Доржсүрэн (Аврагч) 3. Баатарын Нямбаяр (Приус центр), Баяраагийн Бат-Эрдэнэ (МУБИС)
Залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд нэг багшийн шавь, 2018 оны УАШТ-ий мөнгөн медальт “Аврагч”-ийн Д.Доржсүрэнг оноогоор цэвэр ялж анх удаагаа улсын аварга болов. Хүрэл медалийг залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн хүү МУБИС-ийн Б.Баясгалан нар хүрэл медалийн эзэн боллоо. Өнгөрсөн жилийн улсын аварга Б.Нямбаяр 1/4 шигшээд аварга болох ерөөлтэй М.Цогтгэрэлд ялагдсан.
 

97 кг (17): 1. Чинбатын Алтангэрэл (Хилчин) 2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 3. Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг), Балтмөнхийн Бадамдорж (Цастын барс)
Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Батзул, “Будапешт-2018” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Л.Төртогтох, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Мөнгөншагай, “Монголиа Опен” ОУТ-ий аварга Ч.Алтангэрэл, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга Э.Батмагнай гэсэн шилдгүүд дээд хэсэгт “чихэлдсэн”. Эндээс “Хилчин”-ий Ч.Алтангэрэл шигшээд шалгарч “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Өлзийсайханд 5:4-өөр ялснаар анх удаа улсын аварга болж “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээнд зодоглохоор болов. Б.Өлзийсайханы хувьд УАШТ-ээс гурав дахь мөнгө, долоо дахь медалиа хүртэв. Тэрбээр 74, 86, 92, 97 гэсэн дөрвөн өөр жинд медаль хүртээд байна. Өнгөрсөн жилийн энэ жингийн дэд аварга Т.Мөнгөншагай, 2015 оны хүрэл медальт “Цастын барс”-ын Б.Бадамдорж нар хүрэл медалийн эзэн боллоо. Энэ жингийн нэг номер Ө.Батзул эхний даваанд Л.Төртогтоход оноогоор цэвэр (0:10), “Хүч” спорт хорооны тамирчин Э.Батмагнай 1/4 шигшээд Т.Мөнгөншагайд 4:7-гоор дийлдсэн.
 

125 кг (24): 1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин) 2. Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч), Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин)
23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл урамтай сайхан барилдаан үзүүлж 21 настайдаа Монгол Улсын аваргаар анх удаа тодорлоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Инчёнь-2014” наадмын хүрэл медальт, Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулгыг 3:1-ээр ялсан. Азийн АШТ-ий таван медальт Н.Золбоо, Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт П.Өсөхбаатар гэсэн хашир туршлагатай ОУХМ-ууд хүрэл медаль хүртэв. Н.Золбоо дотны найз “Сүлд” спорт хорооны У.Мөнхбаярыг 8:1-ээр илүүрхэж УАШТ-ээс 10, П.Өсөхбаатар өнгөрсөн жилийн хүрэл медальт Б.Ганзолбоог оноогоор цэвэр ялж ес дэх медалиа зүүсэн юм. Хүнд жинд чөлөөт бөхийн суурьтай үндэсний бөхийн улс, аймгийн алдар цолтой бөхчүүд олноор зодоглов.
 

Эмэгтэйчүүдийн 62 кг (7): 1. Сүхээгийн Цэрэнчимэд 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (хоёул Алдар) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Хүч)
Олимпийн жинд тун өрсөлдөөнтэй боллоо. Энэ жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор жин өгсч, өнгөрсөн жилийн 65 кг-ын улсын аварга ОУХМ Х.Болортуяа жин уруудаж, өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн нар “А” хэсэгт хоорондоо барилдсан нь бөх сонирхогчдын анхаарлыг татсан. Энэ хэсгээс С.Цэрэнчимэд нэгээр, Ө.Пүрэвсүрэн хоёроор гарсан юм. Нөгөө хэсгээс ОУХМ П.Номин-Эрдэнэ тэргүүлсэн. Чимэдээ гавьяат хагас шигшээд “Алдартан”-ы Д.Мягмарсүрэнг, П.Номин-Эрдэнэ Ө.Пүрэвсүрэнг ялснаар алтан медалийн төлөө шалгараад байв. “Алдар”-ын хоёр тамирчин шигшээд өрсөлдөхөд С.Цэрэнчимэд гавьяат туршлагаар илүү гэдгээ харуулж цэвэр ялснаар тав дахь удаагаа улсын аваргаар тодров. Хүрэл медалийг Баянхонгорын Ө.Пүрэвсүрэн хүртлээ. Түүний хувьд 2018 онд Эрдэнэтэд үзүүрлэж, өнгөрсөн жил хүрэл медалийн эзэн болж байв. Энэ жингийн шилдгүүдийн нэг өнгөрсөн жилийн улсын аварга ОУХМ Э.Гантуяа бэртлийн улмаас зодоглоогүй.
72 кг (6): 1. Энхбаярын Цэвэгмид (Алдар) 2. Доржсүрэнгийн Цогзолмаа (Аврагч) 3. Цэрмаагийн Хулан (Хасу-Мегастарс)
Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид шигшээ барилдаанд “Аврагч”-ийн Д.Цогзолмааг цэвэр ялж таван жилийн улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртсэн. Тэрбээр УАШТ-ээс 55, 59, 63, 65, 72, 75 кг гэсэн зургаан жинд медаль зүүгээд байна. 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ц.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд туршлагатай мастер Х.Мөнхтуяаг цэвэр ялж насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртлээ. Өнгөрсөн жилийн улсын аварга “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэн өнжсөн.
76 кг (8): 1. Очирбатын Бурмаа (Женко) 2. Бадрахын Одончимэг 3. Ганбатын Ариунжаргал (хоёул Алдар), Гилэгжамцын Наранчимэг (Хилчин)
ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг гээд Монголын хүнд жинг олон жил авч яваа шилдгүүд уламжлал ёсоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болцгоов. Монгол Улсын найман удаагийн аварга О.Бурмаа шигшээ барилдаанд улсын 11 удаагийн аварга Б.Одончимэгийг цэвэр ялснаар ес дэх түрүүгээ хүртлээ. Хүрэл медалийг ОУХМ Г.Наранчимэгийн хамт “Алдар”-ын Г.Ариунжаргал хүртэв. Г.Ариунжаргалын хувьд гурван жил дараалан энэ жинд (2018 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн) медаль хүртэв.

СПОРТЫН СЭТГҮҮЛЧ: Б.БАТ