ЗГ: Сурагчдын амралтын хугацааг 7 хоногоор сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар ЕБС-ийн сурагчдын II-р улирлын амралтыг 7 хоногоор сунгажээ. Учир нь Эрүүл мэндийн яамнаас Томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II-р улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ–нд албан тоотоор хүргүүлсэн. Ингэхдээ "Энэ жил томуугийн B вирус дамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэнд байна.  Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүллээ" гэж байсан. Гэвч БСШУСын сайд Ё.Баатарбилэг сонгуулийн жил учраас амралтыг сунгахгүй гэсэн тайлбарыг өгөөд байсан. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж сурагчдын II-р улирлын амралтыг 7 хоногоор сунгалаа. Ингэснээр гуравдугаар улирлын хичээл 2020 оны 01 дүгээр сарын 20-нд орох юм.