Хүүхдээ үл хайхрах нь сурлага, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлдөг

Эцэг, эхчүүд ажлын хэт их ачаалал, стресс бухимдлаасаа болж хүүхдийнхээ хэлж буй үгийг үл тоох, үл хайхрах байдал ихэссэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.

Тэгвэл Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд ийм алдаа гаргахгүй байхыг сануулж байна. Учир нь Хүүхдийг үл хайхрах нь хүүхдийн хөгжил, төлөвшил болон өөртөө итгэх итгэл, сурлага, хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг тул насанд хүрэгчид өөрсдийн гаргадаг энэхүү санамсаргүй үйлдлээ алхам тутамдаа анхаараарай гэдгийг сануулж байна. Мөн хүүхдийг бусад хүүхэдтэй харьцуулах, дорд үзэх эсвэл ялгаварлаж харьцах нь үл хайхрах байдал. Мөн аав ээжүүд санаатай болон санамсаргүйгээр бага хүүхдээ илүү ихээр хайрлан халамжилж, арай томхон нэгнийг нь орхигдуулах гээд байдаг. Энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусадтай харилцах, нийгэмших хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцлон сануулж байна.