Ө.Пүрэвсүрэн Будапештэд үзүүрлэв

23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий алт, хошой хүрэл, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын залуучуудын хошой, өсвөр үеийн таван удаагийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн Будапештийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэв. Энэ нь Монголын бөхчүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-ээс үзүүрлэсэн хоёр дахь тохиолдол нь. Түүнээс өмнө нь 2017 онд ОУХМ А.Батцэцэг Быдгошт болсон анхны тэмцээнд мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр шөвгийн наймд 2016 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Беларусийн Надья Драгуноваг цэвэр, хагас шигшээд Казахстаны ихэр эгч дүүсийн нэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн медальт Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд Бүх Японы аваргын мөнгө, хүрэл медальтай Мисүзү Ёномотод 0:11-ээр ялагдлаа. 13 настайгаас хойш өсвөр үеийн УАШТ-д таван жил дараалан аваргалж дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн түүний хувьд Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэнд хар багаасаа танигдаж эхэлсэн. Өдгөө 19 настай Ө.Пүрэвсүрэнд “U-23”-ын дэлхийн аваргад дахиад дөрвөн жил барилдах нас байна. Хонгор нутгаас шилдэг залуу тамирчдыг бэлтгэн гаргаж буй Совдын Мөнхдуулдах багшид баяр хүргэе.

Спортын сэтгүүлч:Б.Бат