Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аварга боллоо

Энэ оны насанд хүрэгчдийн Азийн аварга болон Дюссельдорфын Гранд Сламаас мөнгөн медаль хүртэж, дэлхийн жүдо бөх сонирхогчдын танил болсон Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат  ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам залуучуудын ДАШТ-ий аваргын төлөө энэ оны Ази-Номхон далайн орнуудын залуучуудын аварга Тайваний Лин Шуан Шутай өрсөлдөж хоёр вазари үнэлгээ аван алтан медалийн болзол хангалаа.

Манай жүдоч финалд хүрэх замдаа эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Германы Анника Вурфелийг нэмэлт цагт вазаригаар, гурвын даваанд өсвөр үеийн Азийн хошой аварга, Азийн цомын аваргаУзбекистаны Сита Кадамбоеваг 3:11 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө энэ оны Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Недерландын Наоми Ван Кревелийг торгуулиар ялсан. Улмаар хагас шигшээд энэ оны Бразилийн “Их дуулга”-ын мөнгө, Бакугийн Гранд Сламын хүрэл, Пан америкийн насанд хүрэгчдийн аварга Бразилийн Ларисса Пиментаг нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч ялжээ. Улмаар аваргын төлөө Тайваний бөхийг өмсөж эхний вазари үнэлгээ авсан бол 3:25 минутад сууж үүрэх мэхээр хоёр дахь вазари үнэлгээгээ авч цэвэр яллаа. Ингэснээр Л.Сосорбарам монголын эмэгтэй жүдочдоос анхлан залуучуудын дэлхийн аваргад түрүүллээ. Түүнээс өмнө ганцхан Өлзийбаярын Дүүрэнбаяр монголын нийт жүдочдоос цор ганц алтан медалийг эх орондоо авчираад байсан юм. 

Л.Сосорбарамын залуучуудын дэлхийн аваргад хийсэн бүх барилдаануудыг хүргэе.

2 тойрог 

3 тойрог

1/4 шигшээ

1/2 шигшээ

Аваргын төлөөх барилдаан