“Хаан” Ринер Бразилийн “Их дуулга”-аар эргэн ирж, ялалтын цувралаа 153-т хүргэлээ

Бразилийн нийслэл Бразилиа хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гранд Слам тэмцээн зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө. Бразил улс IJF-ийн тэмцээнийг 6 жилийн дараа эх орондоо зохион байгуулж буй бөгөөд 2013 онд ДАШТ-ийг зохион байгуулснаас хойш “World Tour” тэмцээнийг л зохион байгуулсан юм. Энэ удаад Өмнөд америкт 55 улсын эрэгтэй 176, эмэгтэй 140, нийт 316 жүдоч гурван хоногийн турш өрсөлдөхөд 16 улс медаль хүртжээ. Багийн дүнгээр эзэн орон Бразил 4 алт, 9 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Япон 2 алт, 2 хүрэл медальтай, Их Британ 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай удаалсан байна.

Допинг хэрэглэсэн гэх асуудалд нэр холбогдоод буй Р.Сильва хүрэл медаль хүртлээ

Өнгөрсөн сард допингийн асуудалд нэр холбогдоод байсан байсан Бразилийн жүдогийн цорын ганц олимпийн аварга Рафаэла Сильва нутагтаа болсон Гранд Сламд зодоглон хүрэл медаль хүртлээ. Р.Сильвагийн допингийн асуудлыг эцэслэн шийдээгүй учраас энэхүү тэмцээнд оролцсон бололтой. Харин түүнийг тэмцээнд оролцох болсоныг олон улсын мэргэжилтнүүд гайхан хүлээж авсан байна.  

Рафаэла Сильвагийн хувьд нутагтаа болсон тэмцээнд ялагдаагүй байсан. Тэгвэл тэрбээр Пан америкийн залуучуудын аварга нутаг нэгт Кетлин Нассиментод вазаригаар ялагдан хүрэл медаль хүртсэнээр нутагтаа ялагдаагүй цуврал нь зогссон байна. Энэ жинд ДАШТ-й мөнгө, хүрэл медальт Их Британы Некода Смити-Дэвис түрүүлсэн байна. Харин -52 кг-ын жинд “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Италийн Одетте Жиуфрида түрүүллээ. Тэрбээр энэ жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хагас шигшээд ялсан бөгөөд ДАШТ-ий мөнгөн медальт Нацүми Цүнодаг торгуулиар ялсан байна. Харин -48 кг-д Португлын Катарина Коста Гранд Сламд анхны түрүүгээ хүртжээ. Мөн -60 кг-д Бразилийн Аллан Кувабара, -66 кг-д Даниэль Каргнин нар Их дуулга ангилалд анх удаагаа түрүүлсэн байна.

М.Могушков дэлхийн цувралаас 7 дахь түрүүгээ хүртлээ

Тэмцээний хоёр дахь өдөр -63 кг-д эзэн орны тамирчид финалдаж, Кетлин Куадрос Гранд Слам ангилалаас анхны алтан медалиа хүртлээ. -70 кг-д таамагийн дагуу дэлхийн гурван удаагийн аварга Колумбын Юрий Алвеар түрүүлсэн. Энэ түрүү нь Ю.Алвеарын “Их дуулга”-ын дөнгөж хоёр дахь түрүү нь.  Харин -73 кг-д ОХУ-ын Муса Могушков IJF-ийн дэлхийн цувралын 7 дахь түрүүгээ хүртсэн байна. Ингэхдээ тэрбээр тэмцээний гол фаворит 2017 оны дэлхийн аварга Соичи Хашимото торгуулиар буулгаж авсан байна. Түүнчлэн -81 кг-д олимпийн хүрэл, дэлхийн аварга Таканори Нагасе түрүүлж, чансаагаа 1000 оноогоор ахиулсан байна.

“Хаан” Ринерийн ялалтын цуврал 153 хүрлээ

Хүнд жингийн олимп, дэлхийн аварга домогт Тедди Ринер “Бразилиа-2019” Их дуулга тэмцээнд ДАШТ-ий мөнгөн медальт Дэвид Моураг ялж, зургаа дахь Гранд Сламдаа түрүүллээ. Ринер аваргын төлөөх барилдаанд ердөө 20 секундыг залцуулж, Д.Моураг дөрөв дэх удаагаа буулгаж авсан байна. Энэ жил хоёр дахь тэмцээндээ өрсөлдсөн 30 настай хүнд жингийн хаан дэлхийн чансааны 58-т бичигдэж байгаа бөгөөд чансаагаа 1000 оноогоор ахиулахаар боллоо.

Дэлхийн 10 удаагийн аварга Тэдди Ринерийн энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь дэлхийн чансааны 13-т бичигдэж буй Кокоро Кагеүра байсан юм.  Хоёр удаагийн олимпийн аваргын эсрэг японы жүдоч 12 минут өрсөлдсөн ч “хаан” Ринер өөрийн үндсэн давхар ачих мэхээрээ вазари үнэлгээ авснаар түрүүлэх замаа засчээ.

 Мөн тэрбээр хагас шигшээд “Токио-2019” ДАШТ-ий аварга Чехийн Лукаш Крпалекийг ялж финалд шалгарсан юм.

Тэмцээний сүүлийн өдөр -100 кг-д Японы Кентаро Ийда, -90 кг-д “Баку-2018” дэлхийн аварга Испаний Николаз Ширазадашвили түрүүллээ. Харин -78 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Кубын Калиема Антомарчи түрүүлсэн бол +78 кг-д Беатриз Соуза Гранд Слам ангилалд тус бүр анх удаагаа түрүүлсэн байна.

Т.Ринер - К.Кагеүра

Т.Ринер - И.Тасоев

Т.Ринер - Л.Крпалек

Т.Ринер - Д.Моура