М.Болдбаяр: Бидний үйлдвэрлэж байгаа түлш хортой байсан бол манай ажилчид хамгийн түрүүнд хордоно шүү дээ

Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэж, угаарын хийнд  хордсон гэх 70 гаруй иргэн эмнэлгийн байгууллагад ханджээ. Өчигдөр л гэхэд 28 хүн эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө авсан тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлсэн. Мөн энэхүү харамсалтай явдлаас болж дөрвөн хүн угаартаж нас барсан гэсэн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч буй юм.

Түүнчлэн цахим орчинд тус компанийн үйлдвэрлэж буй түлш чанарын шаардлага хангаагүй. Түлш барьцалдуулагч гэх нунтаг шар зүйл нь химийн бодис байсан гэх мэдээлэл ч гарсан. Иймээс бид “Тавантолгой түлш” ХХК-ийг зорьж, үйлдвэрийн дарга М.Болдбаяртай уулзаж ярилцлаа. Биднийг очих үед түлш үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байсан. Мөн ярилцлагын үеэр үйлдвэрийн дарга “Би нэг л зүйлийг баттай хэлье. Түлш барьцалдуулагч бодис нь үнэхээр хүмүүсийн яриад байгаа шиг химийнх бас хортой байсан бол бид, манай үйлдвэрийн ажилчид хамгийн түрүүнд хордох ёстой. Яагаад гэвэл түлш үйлдвэрлэж эхэлсэн жил гаруйн хугацаанд манай үйлдвэрийнхэн өдөр шөнөгүй ажиллаж, тэр бодисоор амьсгалж бараг “идэж” байна. Гэтэл тийм зүйл болоогүй. Бидний хэрэглэж буй барьцалдуулагч нь хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн органик бодис” гэдгийг тодотгож байсан юм.   

-Танд мэдээллүүд ирж байгаа байх. Танай компанийн үйлдвэрлэсэн түлшнээс болж хүмүүс угаартлаа, зарим нь амиа алдлаа гэж. Түлш үйлдвэрлэл хариуцаж байгаа даргын хувьд та юу хэлэх вэ. Танай компани үнэхээр хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн аюултай түлш үйлдвэрлээд байгаа юм уу?

-Юуны өмнө нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Ийм явдал болсонд харамсаж байна. Мөн ийм хэрэг явдал болж, манай үйлдвэрийн түлштэй холбоотой байж магадгүй гэх асуудал үүсээд байгаа учраас зарим мэдээллийг өгье. Хүмүүс угаартсан шалтгаан нь ганц шахмал түлштэй холбоотой, түүнээс хамааралтай осол эндэгдэл байсан гэвэл энэ нь өрөөсгөл юм л даа. Бид бүтээгдэхүүнээ Монгол Улсад яг одоо мөрдөгдөж буй шахмал түлшний стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнээ гадаад болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлж, шалгуулж үр дүнг нь тогтмол хянуулж байна. Манай мэргэжлийн хяналтын байгууллагаас гэхэд орц жор ямар байгааг нь, чанарын шаардлагад нийцэж байгаа эсэхийг нь сард нэгээс хоёр удаа ирж тогтмол шалгадаг. Ямар графикийн дагуу ирж шалгасан, дүн нь яаж гарсан бэ гэдэг мэдээллийг нь өгөхөд бэлэн байна. Мөн манай үйлдвэрийн технологчид бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг шугам бүрээр нь цаг тутам автоматжуулсан багаж төхөөрөмжөөр шалгадаг. 

-Гадаадын лаборатори гэдэг нь яг хаана, ямар улсад вэ?

-Солонгос, Герман Хятад гэсэн гурван улс руу бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулж, үзүүлэлтийг нь “уншуулсан”. Улмаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ тохирсон техник хэрэгсэл тоног төхөөрмжийг захиалж оруулж ирэх ажлыг хүртэл зохион байгуулсан.

 

-Үнэхээр тийм юм бол иргэд яагаад хордоод байгаа юм бэ. Та мөн л сонссон байх. Түлшний барьцалдуулагч түүхий эд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эсэх нь эргэлзээтэй гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Манай  байгууллага 2018 оны тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрийн  үйл ажиллагаа 2018 оны долоодугаар сараас идэвхижсэн. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд бид бүтээгдэхүүнээ олон улсын технологийн дагуу маш идэвхитэй үйлдвэрлэж. Ингэхдээ маш их судалгаа явуулсан. Яг одоо манай үйлдвэрийн хэрэглэж байгаа барьцалдуулагч бодис л гэхэд олон улсын стандартуудыг бүрэн хангасан түүхий эд. Монгол Улс MNS 5679219 гэж шахмал түлшний шинэ стандартаа шинэчлэн баталсан. Эдгээр бүтээгдэхүүн нь тэр стандартад бүрэн нийцсэн. Мөн энэ бодисоо оруулж ирэхийн тулд олон улсад хэрэглэдэг шахмал түлштэй холбоотой маш олон технологи, стандартуудыг судалж хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлгүй нь оруулж ирсэн юм.

-Тэгвэл иргэд яг юунаас болж хордоод байгаа юм бол. Бүгд л танай түлшийг хэрэглэсэн гээд байна. Бас угаартсан гэх иргэдийн тоо нэмэгдээд байна?   

-Би үйлдвэрлэлийн албаны хүн учраас иргэд яг юунаас болж хордоод байгааг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх ёстой, зуухыг яаж ашиглах ёстой, тухайн айл пийшингээ, яндангаа хэдэн удаа хөөлсөн, агаарын урсгалын дамжлагууд нь ямар байсныг нь хэлж мэдэхгүй байна. Бас пийшингийн хаалт нээлтүүд нь ямар байсныг ч мэдэхгүй. Гэхдээ энэ салбарт ажилладаг хүниий хувьд судалгаа хийдэг. Тэгэхэд өмнө нь хавар намрын улиралд хүмүүс угаартах тохиолдол цөөнгүй гарч байсан юм билээ. Энэ нь цаг агаарын эрс тэс өөрчлөлтөөс болдог. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатарт -10 хэм байснаа маргааш нь нэмэх хэм рүү орох жишээтэй. Дээрээс нь агаарын салхины урсгал гэж бий. Дулаахан үед агаарын салхины урсгал нь шөнөдөө тогтворждог. Ингэснээрээ айлын зуух яндангаар сийгэх салхины сийгэлт, яндангаас гарах утаа тодорхой хэмжээгээр саардаг юм билээ. Товчхондоо цаг агаар харьцангуй дулаан, салхигүй байх нь гал түлэх үеэр дөл авалцаж, сайн шатахгүй байх цаашлаад угаар гардаг талтай. Мөн тухайн айл цонх хаалга үүдээ битүүлчихсэн тохиолдолд агаарын урсгал нь зогсонги байдалд орчихдог. Энэ мэт шалтгаанаас болж түлшинд дутуу шаталт үүсэх улмаар угаар гарах тохиолдол бий.

Гэхдээ би дээр хэлсэн шүү дээ. Түүнийгээ дахиад хэлэхэд би үйлдвэрлэлийн албаны хүн. Иймээс тухайн айл ямар зуух хэрэглэж байсан, ямар горимоор галлаж байсныг мэдэхгүй байж ингэсэн тэгсэн гэж дүгнэж хэлж болохгүй. Харин энэ үйлдвэрийг удирдаж байгаа хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлж чандна. Энэ нь манай компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн ямар нэг стандарт зөрчсөн, хүний эрүүл мэндэд хор үзүүлэхээр бодис агуулагдаагүй гэдгийг. 

-Дахиад л бэхжүүлэгч бодисын тухай асууя. Танай үйлдвэрт бэхжүүлэгч бодис тасарчихсан байсан. Тэгээд урдаас дахиад оруулж ирсэн гэх мэдээлэл гараад байна. Ингэхэд та нарын одоо ашиглаад байгаа бэхжүүлэгч бодисыг яг хаанаас оруулж ирсэн бэ?   

-Бэхжүүлэгч бодис тасраагүй. Манайх хуурай барьцалдуулагч бодисыг 2018 оны долоодугаар сараас эхлэн тогтмол худалдан авч байгаа. Хангалттай нөөцтэй. Бид энэ жилийн нөөцөө хангалттай нөөцлөөд авчихсан.

 Мөн хуурай барьцалдуулагч бодсинд тавигдах стандарт шаардлагын дагуу сонгон шалгаруулалт явуулаад дотоодын компани тендерт ялж нийлүүлт хийж байна. Урд хөршөөс оруулж ирдэг. Эдгээр компани бүгд тусгай зөвшөөрөлтэй. Барьцалдуулагч бодисыг хоёр ангилдаг. Нэгт нь органик, хоёрт нь нэн органик гэж. Манай компанийн хувьд органикийг оруулж ирдэг. Учир нь манай үйлдвэрийн хэрэглэж байгаа бэхжүүлэгч бодисын 80 хувь нь цардуул буюу эрдэнэшишийн үрийг хатааж нунтаглсан, цавуулаг чанарыг нь нэмэгдүүлчихсэн органик хуурай барьцалдуулагч бодис. Үлдсэн 20 хувь нь байгалийн шар шавар, эрдэнэшишийн гурал цардуулыг нийлүүлсэн ийм л бүтээгдэхүүн.

-Тэгвэл найрлагад нь ямар нэг химийн бодис байхгүй гэсэн үг үү?

-Тийм зүйл байхгүй. Яг тэр харамсалтай явдал гардаг өдөр Нийслэлийн онцгой комисс хуралдаад үүрийн 4:00 цагт манай үйлдвэрт Мэргэжлийн хяналт, Гаалийн ерөнхий газраас хүмүүс ирж үйлдвэрийн бүх шат дамжлагаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдээс дээж аваад явсан. Хуурай барьцалдуулагч бодисоос мөн авч явсан. Мэргэжлийн байгууллагууд нь шинжилгээний үр дүнгээ эхнээс нь олон нийтэд эхнээс нь мэдээлж байх шиг байна.

-Танай хэрэглэж байгаа барьцалдуулагч бодис нь тухайн орондоо хэрэглэгдэж байгаа бодис мөн юм уу?

-Ашиглаж байгаа бодис шүү дээ. Ер нь бол хуурай барьцалдуулагч бодисыг Энэтхэг, Ветьнам, Тайланд, Турк, Солонгос, Хятадад хүртэл өргөн хэрэглэж ашигладаг.

Энд мэдээлэл өгөхөд барьцалдуулагч бодисыг хоёр ангилдаг гэж дээр хэлсэн. Органик болон нэн органик гэж. Органик гэдгийг нь манайх хэрэглэж байгаа. Харин нэн органик нь хүний эрүүл мэндэд хор учруулж мэдэхүйц химийн бодисыг агуулж байж болох талтай. Нэг ёсондоо шингэн резин шиг бодис. Ийм бодисыг өндөр хөгжилтэй орны том том үйлдвэрүүд тодруулбал, гангын үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Ингэхдээ бас нарийн технологитой. Гангын үйлдвэрүүд гэхэд яндандаа маш сайн чанарын шүүлтүүрүүдийг тавьж өгсөн байдаг. Ингэснээр агаарт дэгдэх хортой нэгдлүүдийг тэр шүүлтүүр нь шүүж авдаг. Харин манай үйлдвэрт хэрэглэж байгаа нь ахуйнх. Бид аль болох органик буюу байгалийн гаралтай бодисыг сонгож үйлдвэрлэлдээ хэрэглэж байгаа гэж ойлгож болно. Нөгөө талаар би нэг зүйлийг баттай хэлж чадна. Манай үйлдвэр эрчимтэй үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Жил гаруйн хугацаад тэр “хортой” гээд байгаа барьцалдуулагч бодисдыг хэрэглэж, “идэж” тоостой нөхцөлд нь ажиллацгааж байна. Хэрэв үнэхээр асуудалтай байсан бол манай үйлдвэрийн ажилчид жил гаруйн өмнөөс өвдөж зовоод эхлэх байсан биз дээ.

-Ер нь та нарын үйлдвэрлээд байгаа шахмал түлшийг өмнө нь туршсан юм уу.  Ард иргэд дээрээ амьд туршилт хийж байна гэсэн шүүмжлэл өрнөөд байна шүү дээ?

-Ард иргэддээ хандаж хэлэхэд манай байгууллага улсын өмчит үйлдвэрийн газар. Ард түмнийхээ өгсөн татвараар цалинждаг. Иймээс бид ард иргэддээ хор хөнөөлгүй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгоод ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатарт Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байна. Утаа гамшигийн хэмжээнд очоод удаж байна.  Хэдийгээр төр засгийн зүгээс утааг бууруулах ёстой гэж ярьдаг ч төдийлөн амжилт ололгүй 30 жилийг өнгөрөөсөн. Үүнтэй холбоотойгоор агаар, орчны бохирдол тартагтаа тулсан. Өвөл болохоор л энэ асуудал яригддаг. Сөхөгддөг. Иймээс бид энэ асуудлыг байхгүй болгох гэж энэ түлшийг хийж байна. Манай ажилчид өдөр шөнөгүй ажиллаж байна. Тийм байхад юу гэж чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэд дээрээ туршилт хийх юм бэ. Уг нь манайхан мэдээлэл авсан бол өнгөрсөн жил манайх СХД-ийн таван хороон дээр айлуудад туршилт хийж, түлшээ түлүүлж байсан. Манай маркетингийн албаныхан л гэхэд тэр айлуудад хонож түлшний дулааны алдагдал зэргийг нарийн тооцоолж гаргаж, тэр нь болж байна, тэр нь болохгүй байна гэж алдаа оноогоо ярьж сайжруулж байсан. Бид иргэд дээрээ туршилт хийгээгүй. 

Ярилцсан Л.Гэрлээ