О.Цэцэнцэнгэл Бүх японы аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн гишүүн, 2019 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга, залуучуудын Азийн аварга Одхүүгийн Цэцэнцэнгэл Бүх Японы оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд +100 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Акита хотод болсон энэхүү тэмцээнд нийт 5 тойрог барилдаж улмаар дөрөв ялснаар ийнхүү шагналын тавцанд гарсан юм.

 О.Цэцэнцэнгэл нь Осака хотын жүдо бөхийн Тэнри их сургуульд хоёр дахь жилдээ суралцаж байгаа юм.  Тус сургууль нь жүдо бөхийн мэргэжлийн сургууль бөгөөд мэргэшсэн сайн тамирчин бэлтгэдэг гэдгээрээ дэлхийд алдартай юм. Тодруулбал, Тэнри их сургуулиас л гэхэд энэ оны ДАШТ-д -66 кг-д Жоширо Марүяма, -73 кг-д Шохэй Оно нар дэлхийд тэргүүлсэн билээ. Түүнчлэн Тэнри их сургуулиас Такамаса Анай, Тадахиро Номүра, Шинжи Хосекава, Шиничи Шинохара, Ёшими Масаки зэрэг цуутай аваргууд төрөн гарсан юм.

Дашрамд мэдээлэхэд, О.Цэцэнцэнгэл нь Монгол Улсын начин Батжаргалын Одхүүгийн хүү, МИАТ компанийн тамирчин бөгөөд ирэх сарын 12-нд залуучуудын ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.