Монголын жүдо бөхийн холбоонд Япон улсын Гадаад хэргийн сайдын хүндэт өргөмжлөлийг гардууллаа

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока өчигдөр Монголын жүдо бөхийн халуун ам бүлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Масато Такаока Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх, Япон-Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд Монголын жүдо бөхийн холбоо үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн өндрөөр үнэлж улмаар Монголын жүдо бөхийн холбоонд Япон улсын Гадаад хэргийн сайдын хүндэт өргөмжлөлийг гардууллаа. Энэхүү өргөмжлөлийг ноён, Элчин сайд Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн олимпийн шигшээ багийн ахлагч ноён З.Энхболдод гардуулан өгсөн юм. Энэ үеэр  ноён Масато Такаока манай жүдогийн тамирчдыг ирэх онд болох Токиогийн олимпийн бэлтгэлээ Японы Шизүока мужийн Изүнокүни хотноо хийхэд бүх талаар нь тусалж дэмжихээр болсноо албан ёсоор дуулгасан юм. Түүнчлэн Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багт олимпийн наадамд амжлттай оролцож олон медаль хүртэхийг хүсэн ерөөв.

Түүнчлэн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Адьшаа Япон улсын Элчин сайдын яаманд Монголын жүдо бөхийн холбооны хүндэт өргөмжлөлийг гардууллаа.

Масато Такаока:Юуны өмнө миний урилгыг хүлээн авч, манай элчин сайдын яаманд хүрэлцэн ирсэн Монголын жүдо бөхийн холбооны халуун ам бүл, ахмад тамирчид, багш дасгалжуулагчдад талархал илэрхийлье. Миний хувьд Монголд улсад ирсэн цагаасаа жүдо бөхийн холбоотой хамтран ажиллаж байгаа. Япон-Монгол улс найрамдалт харьцаанд жүдо бөх үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дуулгахад таатай байна. Монголын жүдо бөхийн холбоонд Япон улсын Гадаад хэргийн сайдын хүндэт өргөмжлөлийг гардуулж байгаадаа баяртай байна.

З.Энхболд: Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока таньд Монголын нийт жүдочдын өмнөөс талархал дэвшүүлье. Монголын жүдо бөхийн холбоо, Япон улсын Гадаад хэргийн сайдын хүндэт өргөмжлөлөөр шагнагдаж байгаад баяртай байна.