Рафаэла Сильвагаас допинг илэрчээ

Бразил улсын бүх цаг үеийн хамгийн алдартай жүдоч олимп, дэлхийн аварга Рафаэла Сильва допингийн асуудалд орсон талаар Францын AFP агентлаг мэдээллээ. Түүний допингийн шинжилгээний хариугаар астам буюу багтраа өвчний эсрэг хэрэглэдэг фенотерол хэрэглэсэн нь тогтоогдсон ч Р.Сильва гэм буруугүй гэж мэдэгджээ. Тэрбээр үүнийг хэвлэлд хэлэхдээ “Би цэвэр хүн. Гэм буруугүй гэдгээ нотлохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Би фенотеролыг мэднэ. Гэхдээ би хэрэглээгүй. Надад багтраа өвчин байхгүй” гэсэн байна.

2016 оны Рио де Жанейрогийн олимпийн аварга болсон тэрбээр энэ оны наймдугаар сарын 9-нд Пан Америкийн наадмаар түрүүлсэн бөгөөд тус тэмцээний дараа допингийн шинжилгээнд хамраглсан нь юм.

Энэхүү тэмцээний дараагаар Рафаэла Сильва “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ээс -57 кг болон холимог багийн төрөлд хоёр хүрэл медаль хүртэж амжилтын товчоогоо арвижуулаад байгаа.

Түүний өмгөөлөгч Бичара Нетү сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Р.Сильваг найзынхаа нялх хүүхдээс хордсон байж болзошгүй гэсэн тодорхойгүй хариуг өгснөөс гадна түүний гаргасан амжилтыг цуцлаагүй болохыг мэдэгдсэн байна.

Сонирхуулахад Бразилийн жүдочдоос хамгийн сүүлд -52 кг-ын Гранд Слам, Гран При ангилалын медальтай Жессика Перейра жингээ хасахын тулд шээс хөөх эм хэрэглэснийхээ хариуд барилдах эрхээ өнгөрсөн онд хасуулсан байна.

Түүнчлэн Бразилийн жүдо бөхийн холбоо албан ёсны мэдэгдэлдээ “ Бид Рафаэла Сильвагийн допингийн шинжилгээний үр дүнгийн талаарх хууль эрх зүйн үйл явцыг сайтар ажиглана. Тэр бол Бразилийн хамгийн шилдэг жүдоч төдийгүй үлгэр жишээ тамирчин. Тэрбээр үүнийг даван гарахад бүх талын дэмжлэгийг үзүүлнэ” гэжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал ирэх сарын 8-нд Бразилд болох хуваарьтай байна.