“Нур-Султан-2019” ДАШТ: С.ЦЭРЭНЧИМЭД РИСАКО КАВАЙТАЙ ОНООЛТ ТААРЧ, О.БУРМАА ХҮНД СУГАЛАА ТАТЛАА

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр “Барыс” спорт цогцолборт эхэлсэн билээ. Өнөөдөр барилдсан Э.Сумъяа, Б.Болортуяа, Б.Оюунсүрэн нарыг ялсан бөхчүүд хагас шигшээд шалгарсан бөгөөд ялбал манайхан маргааш дагаж барилдана. Харин Ц.Намуунцэцэг тэмцээнээ өндөрлүүлэв. Маргааш эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно. Дээрх жингүүдийн сугалаа сая болж манай бүсгүйчүүд хаанахын хэнтэй хүч үзэхээр болсоныг хүргэе.

57 кг: “Токио-2016” олимпийн наадмын эрх олгох энэ жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд зодоглоно. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх “Рио-2016” олимпийн болон 2017, 2018 оны дэлхийн аварга Рисако Кавайтай оноолт таарчээ. Түүний зоонд Нигерийн Одунай Адекурой, Норвегийн Грейс Буллен нарын хэнийг ч ялж мэдэх өрсөлдөгчид байна.

59 кг: “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор жиндээ гуравдугаар бичигдсэн учир хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскатай оноолт таарав. Түүнийг ялбал шөвгийн наймд Германы Сандра Парусжевски, Туркийн Элиф Яник нарын ялсантай хүч үзэх юм. Хэрэв дахин нэг ялваас хагас шигшээд АНУ-ын Аллисон Раган, Канадын Луиса Мораис, Азербайжаны Татьяна Омельченко нарын нэгтэй таарах магадлалтай.

65 кг: Польшийн нээлттэй тэмцээн, Оросын цомын нээлттэй тэмцээний аварга, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа 1/8 шигшээд энэ жилийн Польшийн нээлттэй тэмцээний аварга болоход шигшээд таарч ялсан Украины Ирина Кольяденкотой барилдахаар боллоо. Түүнийг ялбал Японы Наоми Рүике, БНХАУ-ын Ван Шиакиан нарын ялсантай хүч үзнэ.

76 кг: Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, гавьяат тамирчин О.Бурмаа тун хүнд сугалаа татжээ. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Киантай хүч үзэхээр оноолт таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт энэ жингийн тэргүүлэгч Туркийн Ясемин Адар хүлээж байна. Түүний зоонд "Рио-2016” олимпийн наадмын аварга Канадын Эрика Уэйбе, олимп, ДАШТ-ий медальт ОХУ-ын Екатерина Букина, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Василисса Марзалюк, дэлхийн дэд аварга Алине да Сильва, хошой хүрэл медальт Японы Хирое Минагава, Эстоний Эпп Маэ гээд бүхий л шилдгүүд багтжээ.

Сэтгүүлч Б.Бат