Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь” төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотуудад хэрэгжүүлэхээр төслийн санал ирүүлсэн 84 хотоос сонгон шалгаруулсан. 

Энэхүү төсөл нь хотын хэрэглээ ба үйлдвэрлэлийн системийн байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг хамгийн дээд хэмжээнд хүргэж, сөрөг нөлөөг багасгахын тулд орон нутгийн засаг захиргааны болон бусад оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой.

ЭСКАП болон Азийн сан, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хот орчмын ой, ногоон бүсийн хамгаалалт, тулгамдаж буй асуудлуудад шийдэл олох зорилтыг тавиад байна. Тус чиглэлийг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолтой уялдуулан сонгосон. Хууль бус мод бэлтгэлт нь Улаанбаатар хотын ойн нөөцөд аюул учруулж буй хүчин зүйлүүдийн нэг байсаар ирсэн. Төслийн хүрээнд түүхий нүүрсний хориг хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ойн санд учирч болзошгүй эрсдэлийг даван туулах шийдлийг системийн сэтгэлгээнд үндэслэн талуудын оролцоотойгоор тодорхойлж, тоон мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийсний дагуу техникийн туслалцаа үзүүлэх юм.

Төслийн нээлтийн семинар есдүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд боллоо. Семинарт НҮБ-аас Монгол Улсад суух суурин зохицуулагч Тапан Мишра, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн сургагч багш нар, улс, нийслэлийн захиргааны байгууллага, иргэний нийгэм болон иргэдийн төлөөлөл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР