Жүдогийн ДАШТ-2019: Монгол Улсын шигшээ баг хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

"Токио-2019" жүдо бөхийн багийн ДАШТ-д Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.

Өнөөдөр манай баг эхний даваандаа БНХАУ-ыг нэмэлт барилдаанд буулгаж авсан ч хэсгийн аваргын төлөө ОХУ-д 4:0-ээр ялагдсан. Харин торгуулийн тойрогт Кубын эсрэг барилдаж 4:1-ээр яллаа. Энэ удаад эхний барилдаанд ОУХМ Отгоны Мөнхцэцэг +78 кг-д олимпийн наадмын иж бүрэн медальтай, ДАШТ-ий ес дэх медалиа авсан алдарт Идализ Ортизэд дийлдсэн ч ДАШТ-ий хүрэл медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр Энди Грандаг барилдаан эхлээд удаагүй байхад хашиж мордоод цэвэр брялсан. Харин -57 кг-д Кубын тамирчин байхгүй учраас Лосолын Энх-Отгонд ялалтыг өгсөн. Улмаар -73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, -70 кг-д ОУХМ Болдын Ганхайч нар өрсөлдөгчөө нэмэлт цаг вазари үнэлгээгээр ялснаар Монгол Улсын баг холимог багийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байна.